Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлдэг,сайд нартаа хариуцлага тооцдог байх нэмэлт өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр дэмжсэнгүй

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж,санал хураалтууд эд дундаа явж байна. Өчигдөр /2019.09.04/ чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн “амин сүнс” болох Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлдэг, сайд нартаа хариуцлага тооцдог байх асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулсан ч нэр бүхий олонхи гишүүд эсрэг санал өгснөөр санал дэмжигдсэнгүй. Үндсэндээ бол энэ нь Үндсэн хуульд хамгийн түрүүнд хийх ёстой гол өөрчлөлтийн нэг байлаа.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд засаглалын харилцаанд гарсан хамгийн ноцтой алдаа бол Засгийн газраа олон удаа буюу 16 удаа огцруулж, тогтвортой ажиллах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бололцоог алдагдуулсан төдийгүй Монгол улс хөгжлийн нэгдсэн бодлогогүй явж ирсэн явдал юм.

Өнөөдөр Монгол улс бодит байдалд нэг биш 76 Ерөнхий сайдтай мэт байгаа. УИХ-ын гишүүн бүр сайд томилолцож,төсөв хуваарилалцаж,УИХ эдийн засгийн бүх асуудал руу, Засгийн газрын хийх ёстой ажил руу хэт гүнзгий орж хутгалдаж байгаа нь улсын хөгжлийг сааруулж буй бөгөөд тогтворгүй засгийн газрын уршгаар нэгдсэн хөгжлийн бодлогоо зангидах, урагшилж хөгжих чадамжгүй байгаа нь бодит үнэн.

Гэтэл парламентын засаглалтай 30 гаруй орны дотор Монгол, Ирланд, Словен гэсэн гуравхан улсад парламент нь сайд нараа томилж байна. Бусад бүх оронд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, Үндсэн хууль болон бусад хуулиараа парламент Засгийн газрын өргөн барьсан төсөвт өөрчлөлт хийх боломжийг хязгаарласан байх жишээтэй. Эдгээр улсуудад Засгийн газар нь эдийн засгаа чирж урагшилж байхад харин манайд 76 тийш нь хөгжлөө чангааж хөгжих бус улам л ухарсаар байгааг тод харуулж байгаа билээ. Иймээс эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өнөөгийн хөл толгойгүй байдлыг цэгцлэх гол гарц нь Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгч эргээд хариуцлагыг нь ч үүрүүлдэг тогтолцоог тусгахаар оруулж ирсэн байв. Харамсалтай нь Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Н.Ундраа, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, М.Билэгт, Н.Амарзаяа гэх мэт нэр бүхий гишүүд энэ заалтын эсрэг санал өгч өөрсдийн эрх ашгийг хэвээр үлдээхэд санал нэгдэв.

УИХ уг нь бол том бодлого,хуулиа баталж, хэрэгжүүлж байна уу гэдгийг хянаад сууж байх ёстой. Ийм өөрчлөлтийг хийхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан ч улс орны эрх ашгаас урьтаж өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээр дээрх нэр бүхий гишүүд эсрэг кноп дарчхаад сууж байна.

Манай улсад олон жил ярьсан төмөр зам,цахилгаан станцууд гэхчлэн том төслүүд явахгүй гацчихаад байгаагийн шалтгаан ердөө 76 гишүүн буюу парламентын эрх мэдэл дэндүү дээр байгаад, олон удирдлагатай багаар ажиллах боломжгүйд учир шалтгаан нь оршиж байна.

МАН-н бүлэг дээрх заалтаар ахин бүлэг дээрээ ярилцах бөгөөд дараагийн чуулганаар гишүүд энэхүү улс орны тогтвортой байдлыг хангах заалтыг дэмжих эсэхийг ард нийт харж байна. Хэрэв зээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Засгийн газрын танхимаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлдэг, өөрөө хариуцлага тооцож чөлөөлдөг, төсвөө Засгийн газар захиран зарцуулах гэх мэт заалтууд дэмжигдвэл тогтвортой Засгийн газар бүх эрх мэдлээ гартаа авч нэгдсэн нэг хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлэх, бодит үр дүн гарах зэрэг улс орны хөгжилд том ахиц дэвшил болно.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.