Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзлаа

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа.

Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах зэргээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.

Хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм.

Гэхдээ АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах эсэхээс үл хамааран ноос, ноолуурын салбарын урдын харилцаагаа сэргээж, ноолуур ээрэх, самнах зэрэг сүүлийн үеийн технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнээс харилцан ашиг хүртэх боломж бий хэмээн тооцож буйгаа илэрхийлсэн юм.

Энэ дашрамд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй болсонд баяр хүргэж, Монгол-АНУ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон-АНУ-Монгол Улс гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс боллоо хэмээв.

Уулзалтын төгсгөлд талууд харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр улс илүү ойр дотно харилцаатай болж байгааг тэмдэглээд уулзалтаа үр дүнтэй болгох, дараагийн уулзалтад бэлтгэх зэрэг асуудлыг ярьж тохиров.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.