Сүрьеэгийн 30 эмч БНХАУ-д суралцана

Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна.

Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, сургалтад хамрагдаж буй  эмч нарыг хүлээн авч уузлаа. Тэрбээр хэлсэн үгэндээ 2019 онд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ болон зүрх судасны өвчний чиглэлээр нийт 90 эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулахаар харилцан тохиролцсоны дагуу эхний ээлжийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалт зохион байгуулагдах гэж байна.

Эдгээр сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлж чадавхжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон хэлэх нь зүйтэй.

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм.

Та бүхэн маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Сүрьеэ өвчний асуудлаарх энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт сүрьеэгийн 30 эмч мэргэжилтэн хамрагдаж байгаа аж.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.