У. Цогтбаяр: Киноны зохиолоо бичиж эхлэхдээ Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нараас зөвлөгөө авсан

Залуу уран бүтээлчид болох У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нарын хамтарсан дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Өндгөн Толгойт” уран сайхны кино өчигдөр /2019.08.22/ “Өргөө” кино театр нээлтээ хийлээ.

У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар “Өндгөн Толгойт” уран сайхны киноныхоо гол дүрд өөрсдийн жинхэнэ нэрээр тоглохын сацуу төрснөөс ч ялгаагүй ах, дүүсийн дүрийг бүтээсэн байна.

Нээлтийн үеэр дэлгэцийн бүрэн хэмжээний хоёр дахь уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй залуу жүжигчин У. Цогтбаяртай цөөн хором ярилцлаа.


-Дэлгэцийн хоёр дахь бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Манай кинонд Монголд тулгараад байгаа элэгний хорт хавдрын тухай гардаг. Гэхдээ хүнд сэдвийг хүнд биш хөнгөхөн байдлаар харуулж чадсан. Кино театрын суудал дүүрэн байхыг харах урамтай байна. Киногоороо хорт хавдартай хүмүүс өвчнийхөө эсрэг тэмцэж, өвчнөө мартах гэж яаж явдаг, инээд хөөрийг хэрхэн хүсдэг болохыг харуулахыг зорьсон.

-Энэ бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ? Яагаад заавал хорт хавдрын сэдвийг хөндөх болсон бэ?

– Монголд хорт хавдраар нас барсан их олон хүмүүс байдаг. Хамгийн гол нь дэлхийд элэгний хорт хавдраар өвчлөгчдийн тоонд Монгол улс тэргүүлж байна. Манай улс элэгний хорт хавдрын хагалгааг амжилттай хийгээд арван жил болж байгаа юм байна лээ. Бид нар ч  гэсэн кинондоо энэ талын судалгааг маш сайн хийсэн байгаа.

-Хорт хавдартай хүний дүрийг бүтээхэд эмч нараас туслалцаа, зөвлөгөө авсан уу?

-Эмч нараас туслалцаа авсан байгаа. Зураг авалтын явцад хагалгаа хийдэг эмч нар хамт байж, зөвлөгөө өгсөн. Киноны зохиолоо бичиж эхлэх явцдаа ч гэсэн  Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нараас зөвлөгөө авсан.

-Киноны зохиолын санааг та хоёрын хэн нь гаргасан бэ?

-“Өндгөн Толгойт” уран сайхны киноны зохиолыг гурван сарын хугацаанд бичсэн. Зохиолын санааг анх “F” студийн найруулагч Ц.Амартүвшин, Г.Лхагвацэрэн ах бид гурав гаргасан. Дараа нь +17 цуврал дээр ажиллаж байсан Г.Анхбаяртаа захиалга өгч зохиолоо бичүүлсэн.


Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …