Ё.Баатарбилэг: Энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэж хэрэглэнэ

БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтаж өнөөдөр /2019.8.20/ мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа.  Харин цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ.

2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлсэн. Багш бүрт боломжийг олгож байна.

Хичээлийн жилийн бүтэц батлагдсан. 2019-2020 оны хичээлийн жилд сурагчид хэдийд амрах тухай бүтцийг батлан гаргасан байгаа. Бага анги 32 долоо хоног хичээллэх бол ахлах, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Амралтын үе нь нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх байна. Тухайлбал, нийслэлийн сурагчид өвлийн цагт урт амрах бол орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх цагаар урт хугацаагаар амруулахаар төлөвлөсөн.  Тавдугаар сарын сүүлээр сурагчдын зуны амралт эхэлнэ.

Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх тал дээр манай яам анхаарч байгаа. Энэ хүрээнд БСШУС-ын сайдын тушаалаар Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг гаргасан.

Гэрээнд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог тодорхойлон гаргасан бөгөөд есдүгээр сард багтаан нийт эцэг, эх, асран хамгаалагчидтай гэрээг байгуулна.

2019-2020 оны хичээлийн шинэ жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банктай урт хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст санхүүжилт авсан байна.  Энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэж  хэрэглэнэ.  Мөн энэ жил Иргэний боловсролын хичээлийг өөрчилж, “Монгол ёс хүмүүжлийн  хичээл” болгосон байгаа.   Энэ хичээл 1-5 дугаар ангид орно.  Иймээс   сурах бичгийг шинэчилж байгаа.

Их дээд сургуулийн хувьд  энэ жил 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байгаа. Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл наймдугаар сарын 25-нд эцэслэгдэнэ.

Цаашид их сургуулиудыг нэгтгэхийг зорино. Монголын их дээд сургууль дэлхийд эрэмбэлэгдэхгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Манай улсын их, дээд сургуулиуд нэгдэж байж шилдгүүдийн тоонд багтах боломжтой” гэлээ.

Г.Ганбаяр: 48 сургууль, 93 цэцэрлэгийг энэ жил ашиглалтад өгнө

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн  асуултад хариулт өглөө.

-Энэ жил сурах бичгийг түрээсээр хэрэглүүлнэ гэсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд сурах бичгийг тарааж амжих уу?

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Сурах бичгүүд хэвлэгдэж байгаа. Өмнөх жилүүдэд сурах бичгийн мөнгийг төсөв суулгаж, тендер зарладаг байсан. Энэ жил тийм асуудал байхгүй. Төсөвд ч мөнгө суугаагүй. Бид энэ жил хүүхдүүддээ сурах бичгийг нь бүрэн өгөхийн тулд АХБ-тай харилцан зөвшилцөж байж саяхан буюу наймдугаар сарын 9-нд зөвшөөрлөө авсан. Одоогоор сурах бичгийн хэвлэлтийн ажил ид өрнөж байна. Сурах бичгүүд есдүгээр сард багтан бүгд хэвлэгдэн, хүргэгдэнэ.

-Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн зээлийг тэглэж байгаа. Үүнд шүүмжлэлтэй хандах иргэд байгаа?

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Монгол Улсын иргэн хэн ч байсан Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцах эрх нь нээлттэй. Гэрээний үүргээ биелүүлж, шаардлага хангасан 13 мянган иргэнийг төлбөрөөс чөлөөлж, дипломыг нь олгож байгаа.

-Энэ жил гурван ээлжийг халах талаар ярьж байсан. Хэр бодитой хэрэгжиж чадах вэ?

-БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: 48 сургууль, 93 цэцэрлэгийг энэ жил ашиглалтад өгнө. 22 барилгын ажил царцаж байна. Гадна, дотны шугам сүлжээг холбоход асуудал үүсэж байгаатай холбоотой.

Шинэ хичээлийн жилд 18 сургууль дээр гурван ээлжийн ачаалал үүсэхээр байгаа. Шинэ анги танхимыг зохион байгуулснаар таван сургууль нь гурван ээлжээс гарна. Харин үлдэж буй 13 сургуулийн тухайд бусад хувийн их, дээд сургуулийн анги танхимыг түрээсээр ашиглаж, гурван ээлжээс гарах боломжтой байгаа.

-Цэцэрлэгийн хүртээмжийг хэр нэмэгдүүлж байна вэ?

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: Улсын хэмжээнд 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд 36 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан. Шинэ цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 10 гаруй мянган хүүхэд шинээр хамрагдах боломжтой. Харин үлдэж буй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгож суралцуулах, байгууллагын цэцэрлэгийг байгуулах, түрээсийн цэцэрлэг ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Н.Алт

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.