Ж.Баярсайхан: Бид энэ олдворыг нэгэн өндөр настантай ярилцах үеэрээ олсон мэдээлэлдээ тулгуурлаж олсон

Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар  өнөөдөр /2019.08.16/ мэдээлэл хийлээ. 

Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлага явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа ажлаа байнга танилцуулж байгаа.

Энэ удаад Хөвсгөлд аймгийн Улаан-Уул суманд байгаа 1,000 гаруй булшнаас тоногдсон 100 гаруй булшинд малтлага хийж олсон олдворуудаа өнөөдөр дэлгэн танилцуулж байна. 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 40 хоног ажиллаад Монголын төдийгүй дэлхийн археологид тод бичигдэх олдворуудыг нээлээ. Эдгээр олдворууд 13 дугаар зууны Монголын түүхийн цоо шинэ эх сурвалж юм” гэлээ.

Судалгааны багийг ахалж ажилласан, Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан “Бидний өнөөдөр харж байгаа үнэт олдворууд аль хэдийн тоногдсон булшнаас гарсан. Булш тоногдох нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Дархадын хотгорт бүтэн үлдсэн булш ховор болоод байгаа.

Бид энэ олдворыг нэгэн өндөр настантай ярилцах үеэрээ олсон мэдээлэлдээ тулгуурлаж олсон. Тухайн өндөр настан өвөлжөөнийх нь ард тонуулчид булш тоносон талаар хэлсэн. Ингээд Хориг уулан дээр гараад харахад 70 гаруй булш тоногдсон болох нь харагдсан. Ингээд тусгай зөвшөөрлөө аваад малтлагаа эхлүүлсэн. Тонуулчид металл хайгчаар илрүүлэх боломжгүй 10 гаруй ваарыг бид олсон. Тэдгээрийн дийлэнх нь хөрснөөс доош ойр байсан учраас доторх зүйл нь байгальд задарсан байна.

Харин хөрснөөс доош нэлээд гүнд гурван ваар өрөм, нэг ваар шар тос хөлдүү хэвээр хадгалагдан үлдсэн байна. Жил ирэх тутам мөнх цэвдэг хайлж байгаа учраас бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэх байсан. Тиймээс цаг хугацааны хувьд азтай тохиол боллоо.

 Хөвсгөл аймагт, Хорьдол Сарьдагийн уулсад хэд хэдэн Хориг байгаа. Хориг ууланд гэхэд л хэдэн хэдэн язгууртны бүлэг булш байгаа юм.

800 жилийн тэртээ амьдарч байгаад нас барсан 4, 5 настай хүүхдийн булшийг тоноод ясыг нь тарааж хаясан нь үнэхээр гунигтай.

Эдгээрийн дотор 700 – 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм.  

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулсан байна.
Н.Алт

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.