Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг.
Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.
Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийжээ.
Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.
Эдгээрийн дотор 700 – 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм.
Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна.
Энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болон эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа судалгааны багийнхан хэлж байв.