Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.

Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид хийгдэж байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын арга хэмжээнийн ажлаар 412, нийт 1974 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.  Энэ сарын 10-ний байдлаар 70,0 хувийн гүйцэтгэлтэй ба өмнөх оны мөн үеэс гүйцэтгэлтэй илүү байгаа юм байна. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулж байв. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.