АН: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой

Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Дархан, Налайхын замын ажлын гүйцэтгэлийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ мэдээлэл хийлээ.


АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын яамнаас сонслоо.

Улаанбаатар-Дарханы чиглэл болон Налайхын чиглэлийн замын шинэчлэлийг олон улсын байгууллагын санхүүжилтээр хийж байгаа. Гэтэл Улаанбаатар Дарханы чиглэлийн түр замын нөхцөл байдал иргэдийг маш бухимдуулж байна. Түр замууд стандартын дагуу биш байна. Энэ жил бороо хур ихтэй байсан. Түүгээр шалтаглан ажлын явц удаашралтай байна. Дарханы түр замаар зорчсоноор иргэд эдийн засаг, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хэрвээ энэ улс орон иргэдийнхээ төлөө санаа зовдог юм бол түр замыг стандарт шаардлагын дагуу, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Яамны зүгээс өгч буй мэдээллээр, Дарханы замын үйл явц, санхүүжилт хангалтгүй байна. 200 гаруй км түр замыг тавихад 6.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн 11 сард гүйцэтгэл дуусна гэж яамнаас хэллээ.

Гэтэл ажлын явц зохион байгуулалт муутай, технологийн шаардлага, технологийн сахилга батыг хангаж чадахгүй, өм цөм хийгдсэн байдалтай байна. Иймээс яг 11 сардаа дуусна гэхэд хэцүү. Ер нь түр замын асуудлыг шийдэхгүйгээр Дарханы замын засварын ажлыг дуусгах нь хүндрэлтэй. “Зарим нөхдүүд тэвчээртэй байгаарай” гэж хэлээд байх шиг байна. Тэвчээрт хязгаар бий. Энэ замаар зорчих ослын тоо нэмэгдээд байвал түүгээр зорчих асуудал хүндэрнэ. Түр замаар ч хүн зорчино гэдгийг мартсан байна. Тиймээс маргаашаас эхэлж анхаарал тавиад, түргэн шуурхай ажлаасаа гэж хүсэж байна гэв.

Мөн энэ үеэр АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн даргад гурван зүйлийн шаардлага хүргүүлсэн.

Нэгд:Парламентын засаглалтай байх юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх,

Хоёрт: Улс орны эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгаас эхлэх ёстой. Өнөөдрийн томьёолсон шиг байвал асуудал шийдэгдэхгүй. Тиймээс орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлын хангах тал дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Гуравт:УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах асуудал. Үүргээ биелүүлээгүй бол иргэдийн болон Их хурал өөрийн санаачлагаар эгүүлэн татдаг асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой. Энэ гурван асуудал дээр бид саналын томьёолол бэлдэж дуусаад, зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжлээ.

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцүүлэхгүй, үнэмлэхүй олонхоороо түрж батлах юм бол АН энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй” гэж мэдэгдлээ.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …