О.Баярсайхан: “ХМF”-д сонсогчдынхоо сайн мэддэг 9-10 дууг шинэчилсэн хувилбартайгаар дуулна

Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Хуур хөгжмийн наадам (ХМF) энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Хуур хөгжмийн наадам (ХМF)-ыг зохион байгуулагчдын зүгээс наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийлээ.


Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэгэн тайзнаа гаргах, урлаг соёлоор дамжуулан нийгмийг эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод хөгжмийн соёлыг түгээх зорилготой гэдгийг наадмын ерөнхий продюсер Ж.Энхжаргалан хэллээ.

(ХМF)-ыг олон улсын хөгжмийн наадмын жишгээр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн наадамд Rokit Bay хэмээх тайзны нэрээрээ алдаршсан О. Баярсайхан хоёр дахь жилдээ оролцох гэж байгааг дуулгахад таатай байна.

Реппер О.Баярсайхан буюу Rokit Bay “Хуур хөгжмийн наадамд (ХМF) хоёр дахь жилдээ оролцох гэж байгаадаа баяртай байна. Энэ жилийн наадамд сонсогчдынхоо сайн мэддэг 9-10 дуугаа шинэчилсэн хувилбартайгаар дуулна. Мөн “Хуур хөгжмийн наадам”-д зориулсан дууг дуучин Энэрэлтэй хамтран дуулсан байгаа. Энэ дуугаа Хуур хөгжмийн наадмын үеэр сонсогчдодоо хүргэхээр ажиллаж байна” хэмээн ярив.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар ВRВ компани, хамтран зохион байгуулагчаар Монгол Телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж байна.

Хуур хөгжмийн наадмын гүйцэтгэх продюсер Б.Гантөмөр:Монгол Телевиз (ХМF) наадмыг хамтран зохион байгуулагчаар гурав дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Манай телевизийн зүгээс наадмын тайзны найруулга, гэрэлтүүлэг тал дээрээ түлхүү анхаарч ажиллаж байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа 1500 орчим лед дэлгэц байрлуулна” гэв.

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (ХМF)-ын бэлтгэл ажил 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд наадмыг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулна гэдгийг онцлон хэлэв.

Хөгжмийн фестивальд оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн алба хаагчид ажиллах юм байна. Мөн үзэгчдэд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд нэмэлтээр 20 гаруй хуурай жорлон байрлуулах гэдгийг хэллээ.

Энэ жилийн тухайд Хуур хөгжмийн наадам (ХМF) #LetTheMusicSpeak уриатайгаар сонсогчдоо хүлээн авахад бэлэн болжээ.

Хуур хөгжмийн наадам наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд 17:00-01:30 хүртэл үргэлжилнэ. Тоглолтын тасалбарыг Голомт банкны SocialPay аппликейшн болон Shoppy.mn-ээр 20.000 төгрөгөөр захиалан авах боломжтой.

Наадмын зохион байгуулагчдын зүгээс энэ сарын 13-ны өдөр буюу зөвхөн маргааш гурван найзын багц тасалбарыг SocialPay аппликейшийг ашиглан 30.000 төгрөгөөр худалдан авах урамшуулал зарлажээ.

Г.Нараа

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.