Маршалыг төрүүлсэн гайхамшигт нэгэн түүх 

Энэ бол түүхт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдсан өгүүлэл биш шүү! Тэр утгаар уншигчид ба ахмадууд эмзэглэхгүй байхыг хүсье!

1990 оны хавар цаг. Тойрон хүрээлэгчдийг ял зэмд унагасан нэг том асуудал бол Ю.Цэдэнбалд цэргийн дээд цолнуудыг ойр ойрхон үндэслэлгүй, бараг зусардаж олгосон гэх зэмлэл байсан билээ. Тэр тухай сөхөж баримт түшиж өгүүлэх гэж байна.

Тэр асуудал тухайн үедээ үлэмж сенсаац дэгдээж, хилэгнэсэн олон түмний шахалтаар түүний Маршал цолыг хурааж, Армийн генерал цолтой нь байлгаж байгаад үхүүлсэн ба Алтан өлгий дэх алтан шарил дээр нь “БНМАУ-ын Маршал”, “БНМАУ-ын Баатар”, “БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар” гэх үгс сийлэгдээгүй юм. Хожим Н.Багабандийн үед маршал цолыг нь нэхэн олгожээ. Тэрээр 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах мөрийн хөтөлбөртөө энэ тухай заалт оруулж амлаж явсан нь нэг талын улс төрийн нүүдэл, нөгөө талаасаа популизм байсан биз ээ. Би буруутгах гээгүй.

1944 оны анхны 10 генералын нэг нь тэр үеийн Монголын ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын дарга армийн комиссар Ю.Цэдэнбал байсан билээ. Тэр үед (1944.04.28) Дэслэгч генерал гэх эрхэм дээд цолоор Цэргийн явдлын яамны жинхэнэ орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн тэр хоёр шагнуулсан байдаг юм.

“Суртлыг номлогч” гэсэн даргатайгаар Сурган боловсруулах хэлтэс гэсэн нэртэй явсан цэргийн нам-улстөрийн энэ алба 1936 онд Монголын ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газар гэх албан ёсны нэртэй болж, тэр газрын 5 дахь даргаар Ю.Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албатайгаа 1941 оноос хавсран ажиллажээ. 1939-1941 онд Армийн Улс төрийн газрын дарга байсан жанжин Ж.Лхагвасүрэнгээс тэрээр уг албан тушаалыг өвлөн авч, 1945 онд албаа өөрийн орлогч хошууч генерал С.Равданд шилжүүлэн өгчээ.

Дэлхийн II дайн өндөрлөж генерал Цэдэнбалын орлогч жанжны цэргийн үүрэг ийнхүү өндөрлөжээ. Дайнаас хойш энх цагийн бүтээн байгуулалт өрнөөд цэргийн цолны тухай асуудал хойш тавигджээ. Маршал Чойбалсанг амьд сэрүүн байхад түүний цэргийн цолыг ахиулах тухай яриа гарч байсангүй. 1950-иад онд энэ тухай ярилцсан хэлэлцсэн, шийдвэр гаргах гэж байсан тухай ил мэдээлэл нэгээхэн ч байдаггүй. 1960-аад оны дунд үеэс, тухайлбал дотоод гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан түүний Дэслэгч генерал мөн болохыг сануулсан алхам хийгдэж эхэлжээ. Дотооддоо Д.Төмөр-Очир, Л.Цэнд, “Намын эсрэг бүлэг”-ийнхний засгийн эрхийн төлөөх тэмцлийг дарж албан тушаалдаа тэсч үлдсэн, гадааддаа хөрш БНХАУ-тай харилцаа илт муудаж, олон улсын амаргүй нөхцөл байдал гадаад орчинд бүрдсэн, Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж байрлуулсан гэх мэт хүчин зүйлийг энд нэрлэж болно. Зөвлөлтийн намын удирдагч Л.И.Брежневийн цэргийн цол, цэрэгт өнгөрүүлсэн түүх ч бас нөлөөлсөн. Л.И.Брежнев бол 1953 онд Дэслэгч генерал цолтойгоор СССР-ийн Батлан хамгаалах яамны Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга явсан түүх Цэдэнбалын урмыг сэргээсэн ч болов уу.

Цэдэнбалын альбом дахь өргөөндөө авахуулсан Дэслэгч генерал цол бүхий цэргийн дүрэмт хувцастай сууж байгаа энэ фото зураг болон бусад зурагнуудыг миний ээж Улятайхүү болон зурагчин Санжмятав нар 1960-аад онд патиардаж мөнхөлсөн, миний архивт ч энэ төрлийн зураг олноороо бий. Сандалд суулгаад эгц өөдөөс нь зураг авч буй энэ хүн бол ахмад гэрэл зурагчин Санжмятав гуай юм.

Тухайн үеийн БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд Армийн генералБ.Дорж Дэслэгч генерал Цэдэнбалд ажлаа танилцуулж байгаа ийм нэг түүхэн зураг байдаг. Энэ бол 1971 он. Монголын ардын армийн 50 жилийн ойн альбомоо танилцуулж ажлаа ярилцаж буй түүхэн зураг. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нь Дэслэгч генералын мөрдэстэй цэргийн формтой байсныг ажваас Ардын армийн тэгш тоот баяр ёслолын үеэр гэдэг нь ойлгомжтой. Ардын армийн 50 жилийн ойн үеэр түүнд цэргийн дээд цол алгасуулан олгох тухай яригдаж байсан ба тэр талаар дор дэлгэрэнгүй өгүүлнэ.

1960-1970-аад оны зааг үед олон улсын харилцаа бүр ч хурцаджээ. Зөвлөлт-Хятадын хилийн дайн дэгдэж, Хятад илтээр зэвсэглэн цэрэгжиж, “Соёлын их хувьсгал” гэх балмад үйлсээ үргэлжлүүлж, Монгол-Хятадын ба Зөвлөлт-Хятадын хилийн дагуухи байдал тун ноцтой болж иржээ. Ийм цаг үед 1974.03.21-нд ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневт Армийн генерал гэх цэргийн эрхэм дээд цол ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Хурандаа генерал гэх цолыг алгасуулан байж олгожээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. bi says

    good

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.