“Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр дэлгэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 11.40 цагаас Монголын Үндэсний музейд болно.

 

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг үзэсгэлэнд байрлуулав.

Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, баримт бичгүүд байна. Түүнчлэн Григорьев Петр Осипович, Сактоев Дорофей Гаврилович, Аюржанаев Циренжап Санданович, Логинов Иван Логинович, Акилов Александр Максимович, Линкхоев Доржи Дигарович, Хохлов Андрей, Перевалов Иван болон бусад хүмүүсийн гэрэл зураг, холбогдох баримт бичиг байна. Мөн Буриадын Бүгд Найрамдах улсын Улсын архивын баримт бичгүүд, Халх гол орчимд Японы цэргүүдийг бүрмөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковийн 1939 оны 8-р сарын 17-ны №0068 дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчдын дурсамж гэх мэт зүйл байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.