С.Нэргүй: Бумбыг цэвэр ариун орчинд тахин шүтэж сайн сайхныг хурайлан дэлгэрүүлэх ёстой

 

Налайх дүүргийн “Сайн Номуун Хийд”-ээс жил бүр сүсэгтэн олонд зориулан Бумбаны их тахилгыг зохион байгуулдаг уламжлалтай.Энэ жилийн Бумбаны их тахилга 2019 оны наймдугаар сарын 09,10, 11 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус хийдийн Хамба Лам Сайнбуянгийн Нэргүйтэй ярилцлаа.


-“Сайн Номуун Хийд”-ээс сүсэгтэн олонд зориулж жил бүр бумбаны Их Тахилга зохион байгуулдаг. Энэ жил хэд дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа вэ?
-Сайн Номуун хийдээс Бумбаны Их Тахилгыг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Жил бүрийн бумбаны тахилгаар бид нийтдээ үндсэн зургаан төрлийн бурхдын бумбыг ёсчлон тахидаг уламжлалтай. Энэ жилийн хувьд мөн ялгаагүй урьд урьдын жилд тахиж ирсэн уламжлалт ёс заншлынхаа дагуу гурван хоногийн турш тахилга үйлдэнэ.

– Бумбаны тахилгыг заавал гурван хоног хийх ёстой байдаг уу?
-Тиймээ гурван хоногийн турш бумбаны тахилгын уншлага, зан үйл явагдана гэсэн үг. Олон янзын бурхдын бумбыг нэг дор үйлдэж байгаа учраас уншлага номонд цаг хугацаа их орох учраас үндсэндээ гурван хоногт багтаан бумбаны их тахилгыг үйлдэж байгаа юм. Бумбаны тахилгын зан үйлд урьдчилан бурхдын нимба бүтээл хийж, тахил балин бэлдэхээс авахуулаад нарийн дэг жаягтай. Тахилга хийж байгаа нь гээд хэдэн бумба цуглуулаад хэдэн лам нар сууж байгаад шуудхан хийчихдэг зүйл биш юм.
– Бумбаны их тахилгын гол ач холбогдол нь юу бэ?
– Сүүлийн үед олон төрлийн бурхдын бумбыг гэр орондоо залж тахиж шүтдэг айл өрх, хувь хүмүүс элбэг болсон төдийгүй уламжлалт ёс заншил, шашин соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн гэр оронд бурхдын бумба байх нь нийтлэг хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас “Сайн Номуун” хийдээс зохион байгуулж байгаа Бумбаны тахилгын гол зорилго нь олон төрлийн бурхдын бумбыг гэр орондоо залж, тахиж шүтэж байгаа олон түмэнд бумбаны талаар зөв ойлголт, мэдлэг мэдэгдэхүүн өгөх, мөн бумбаны утга учир түүний мөн чанарыг нь нийтэд тайлбарлан таниулах зорилгыг агуулж байгаа ашгийн бус шашин соёлын арга хэмжээ болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.
– Бумбаны тахилгаар ямар бурхдын бумбыг голчлон тахидаг вэ?
-Бумбаны тахилгад Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус болон Эдийн Бумбаны их тахилгын уншлагыг тус бүрд нь үйлдэж дүвлээд/тарни тоолох/төгсгөлийн өдөр нь бумбанд зориулан ерөөл, равнай тэргүүтнийг зориулан уншаад бумбаны их даллага хурайлснаар тахилгын үйл ажиллагаа өндөрлөдөг.
Бумбаны гол ач холбогдол нь юунд зориулагдсан байх вэ гэхээр сэтгэлийн таван хорыг ялан дийлж, хүний сэтгэл доторх сэтгэлийн таван амарлингуй шинжийг дэлгэрүүлэх хийгээд түүнчлэн гадаад ахуй нөхцлөөс шалтгаалсан элдэв төрлийн сөрөг зүйл, үгүйрэл, хоосрол бүхний гэмийг арилгаж, хишиг буян арвижуулан дэлгэрүүлэх үүднээс голлон шүтнэ. Ийм учраас тус хийдэд олон төрлийн бурхдын бумбыг нэг дор нэгтгэн, тусгайлсан их тахилга үйлдэж байгаа нь бусад газар орон, сүм хийдэд болдог бумбаны тахилгаас ялгагдах онцлогтой юм.
Бумбануудын тухайд гэвэл;
• Намсрай бурхныг эд баялгийн их хаан сахиус гэж үздэг. Намсрай нь бурхны шашны арван их догшид сахиусны нэг бөгөөд эд эдлэл, эд баялгийг түгээн дэлгэрүүлж, үгүйрэл хоосролын гэмт үйлүүдийг амирлуулж байдаг бурхан. Тиймээс Намсрайн бумбыг ёсчлон бүтээж тахиж шүтдэг.
• Гонгор бурхан бол бурхны шашныг сахин хамгаалсан арван их сахиусны нэг. Гонгор бурхны бүтээлийн бумбыг ихэвчлэн арван цагаан хишиг буян зөнгөөрөө ундран дэлгэрч, хэмжээлшгүй буяны садан, сайн үйлс бүхэнтэй учирч, удам угсаа үр хойчоороо хишиг буян нь хурайлан дэлгэрч үе залгамжлагдан байхын үүднээс шүтэж тахидаг.
• Замбала бурхны бумба гэж бий. Энэ бурхан нь эрхэм хүмүүний ариун явдал, зам үйлээр хурсан эд баялаг,сан хөмрөгийг арвижуулах бүхий шүтээн. Гол төлөв олны сайн сайхны тусын тулд бие, сэтгэлээ зориулж ариун цагаан ажил хөдөлмөр, эрхэлж буй эрхэм хүн бүрийн ашиг орлого, сан хөмрөгийг хурайлан дэлгэрүүлж гарлагагүй байх, үгүйрэл хоосролын гэмийг хаах үүднээс энэ бурхны бумбыг бүтээн залж тахидаг ёстой.
• Дарь Эхийн бумба бол ногоон, цагаан дарь эх бурхдын үүднээс бүтээдэг бумба бөгөөд үүнийг насны бумба ч гэж нэрлэдэг. Ялангуяа хүмүүний, тэр тусмаа өндөр настан, эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө тэдгээрийн насан хутаг батадан дэлгэрч, хишиг буян нь арвидан дэлгэрч байх үүднээс дарь эхийн бумбыг бүтээн залж тахидаг.
• Лусын Бумба гэж бий. Лусын эрхэт Хаан Лүйванжалбу хэмээх бурхны өмнөөс бүтээл, тахилга үйлддэг. Энэ бумбыг ихэвчлэн лус, савдаг газар орны эздэд зориулан уул, овоо, хангайд өргөх буюу газар орны эздийг баясгах, байгалийн элдэв гамшиггүй байх хийгээд догшин газар усны хорлолыг амирлуулах үүднээс гэр орондоо болон байгальд зориулан бүтээн залж тахидаг.
• Эдийн бумба, энэ бол Норжинмаа хэмээх бурхны өмнөөс бүтээл хийн тахидаг. Гол төлөв цаг бусийн үгүйрэл хоосролын гэм бүхнийг амирлуулж, эд баялаг, эрхэм бүхэн хурайлах үүднээс дээрх бурхдын бумбаны нэгэн адил тахиж шүтдэг. Эдгээр бурхдын бумбыг ёсчлон тахихыг бумбаны их тахилга гэж байгаа болно.

– Бумбыг шүтэж тахиулахын тулд яах ёстой бэ?
– Сав болгон Бумба болоод байхгүй. Бумба түүний онцлог, бүтээх номын ёс жаяг гэдэг зүйл эрхэм бөгөөд бурхдын бумбыг ёсчлон бүтээхэд шүр,сувд ,оюу тэргүүтэн элдэв эрдэнэсийн дээж, олон янзын үр будаа, үрэл, задь, гүргүм, хамба, сүгмэл зэрэг ховор нандин өвс, ургамал тэргүүтэн нийлсэн нийт 80 гаруй төрлийн үндсэн хольц бүгд багтаж байж сая ном ёсны дагуу бүтээгдсэн бумба бий болно.
Бумба нь нэг ёсондоо айл өрх, хувь хүмүүсийн хишиг буян хурайлан тогтоох мөн эдийн тэнгэр орших эрхэм сав гэж үздэг учраас доторх зүйл нь ч ном ёсных гадна талдаа ч цэвэр ариун орчинд тахиж шүтэгдэж байж сайн сайхныг хурайлан дэлгэрүүлэх ёстой.
Бумбыг анхлан шүтэж, залж байгаа хүмүүсийн хувьд бумбаны гарал үүсэл, хаана, хэрхэн бүтээгдсэнд нь анхаарал хандуулан судалж мэдсэний үндсэн дээр өөрт аль нь тохирох эсэхийг сонгож тахиж шүтвэл зохилтой. Хамгийн гол нь тахиж шүтэж байгаа зүйлийнхээ мөн чанар,утга учир ач холбогдлын талаар нарийн зөв ойлголт, анхан шатны мэдлэг мэдэгдэхүүнтэй байж түүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Түүнээс биш сургаар буюу мухар сүсэгээр даган дуурайх хэлбэрээр хандаж болохгүй юм.


– Бумбаны талаар олон нийтийн дунд янз бүрийн ойлголтууд байдаг зарим нэг нь бумбыг шүтэхлээр шууд хөрөнгө мөнгөтэй болчихдог гэдэг ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Энэ талаар?
-Бумбанаас шууд утгаараа эд хөрөнгө хүсэмжлэх нь өрөөсгөл буруу ойлголт болно. Хамгийн түрүүнд, хүн эрүүл саруул өвчин зовлонгүй, сэтгэлийн амар амгалан байдлыг өөртөө бий болгож байж түүнийхээ хүрээнд хүсэмжит хөрөнгө мөнгөө, эд баялгаа бүрдүүлэх ёстой. Бумбаны утга учир, ач холбогдлын талаар бүрэн гүйцэд сайн ойлголтгүй зарим нэг нь сөрөг утгаар ойлгох хандлага бий.
Бурхдын бумба түүний ач холбогдлын талаар би дээр тус тусд нь өгүүлсэн. Ер нь бидний амьдрал, ахуй, эргэн тойронд цаг үргэлжид хувьсан өөрчлөгдөж, бий болж буй бүхий л зүйлс,юмс үзэгдэл бүхэн хоорондоо учир шалтгааны нарийн уялдаа холбоотой өрнөж байдаг. Энэ хорвоо ертөнцөд учир шалтгаан, уялдаа холбоогүй юмс гэж нэг ч үгүй. Ертөнцийн бүхий л хүчин зүйлс өөр хоорондоо шүтэн барилдлага, арга билгийн хослол дээр оршин тогтнож илэрхийлэгдэж байдаг.
Тиймээс тэнгэр, заяа тавилангүй хүн гэж ерөөс үгүй. Хүн бүхэн өөр өөрийн эзэмдсэн сэтгэл,ивээсэн тус тусын таван лха тэнгэртэй. Тэгвэл сөрөг мууг амирлуулж эерэг хандлага руу чиглүүлж эд баялаг, хишиг буян, хийморь, насан тэнгэр тэргүүтнийг баясгаж гадаад ахуй нөхцөлтэй уялдуулан арга билгийн шүтэлцээн, зөв шүтэн барилдлага үүсгэж байдаг билэгдэлт баялаг нь Бумба өөрөө болж байдгаараа онцлог ялгаатай юм.

Бумбаны зориулга ач холбогдол юунд орших вэ гэхлээр сэтгэхүйтэй хүн бүхэнд орших орон тэнгэр,амин тэнгэр,насан тэнгэр, эдийн тэнгэр, /хийморь/сүлдэн тэнгэр эдгээр заяа таван тэнгэрийг баясгаж, уур, омог, мунхаг атаа, шунал зэрэг сэтгэлийн таван хорыг амирлуулж ухамсар ухаан, тэсвэр тэвчээр, билэг оюун, энэрэн нигүүлсэл, зөв үзэл зэрэг сэтгэлийн дотоод баялаг тэргүүтнийг дэлгэрүүлэх үүднээс шүтэж байгаа хэрэг. Хувь хүн өөрийн дотоод баялагтаа хэдий чинээ анхаарал хандуулж зөв хөгжүүлж, зөв чиглүүлж чадаж байна төдий чинээгээр гадаад эд баялаг, материаллаг ахуй орчин зөв хандлагаар төлөвшин бий болно гэсэн үг.
Буддизмын логикийн дагуу товчхондоо бол бурхадын бумбыг хүнд тохиолдох хий, шар, бадганаар тэргүүлсэн 404 төрлийн өвчин эмгэг, ад дон тэргүүлсэн 360 төрлийн зэтгэр, мөн түүнчлэн нууц болон гадаад, дотоод тэргүүлсэн 80 мянган тотгор, барцад саад, муу муухайг амирлуулан дарж сайн сайхан үйл, хишиг буянаа хурайлан дуудаж дэлгэрүүлэх үүднээс шүтдэг бөгөөд сэтгэлийн амар амгалан дээр суурилсан гадаад эд баялагыг зорьж бумбыг шүтдэг гэж ойлгоход болно.
-Зарим хүмүүс бумбаны тахилгын талаар сөрөг байр сууринаас хандах хандлага ажиглагддаг?
-Өнөөгийн бидний нийгэм маань олон үзэл бодолд хуваагдмал болчихсон ийм цаг үе, тэр хэмжээгээрээ нийгэмд өрнөж буй үйл явцуудыг хүн бүр өөр өөрийнхөө үзэл бодлоороо үнэлж дүгнэдэг болсон цаг үе юм аа. Гэвч сайн муу сүлбэлдсэн энэ цаг үед дургүйгээ үгүйсгэн, харлуулж гутаан доромжилж байдаг нь нийтийн дундах гэм биш зан болжээ. Ер нь хүн бүхэнд л өөр өөрсдийн зорилго тэмүүлэл хийж бүтээх хүсэл эрмэлзлэл гэж бий. Тэгвэл хийж бүтээх тэр бүхнээ сөрөг үзэл хандлагатай хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл таалалд нийцүүлэн хийнэ гэж юу байхав.

Угаасаа хүн төрөлхтний жам ёсны ааш, араншин нь өөрөө зэмлэл, шүүмжлэл, доромжлол, магтаал, сайн, муу, үзэл бодлын зөрөг дээр оршдог учраас аливаа сөрөг хандлагыг эс ажиран нийгэм, улс орон, бусдын сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулан ажиллаж хөдөлмөрлөж байгаа бүхэн л зорилгоо бүтээж амжилтанд хүрэх ёстой. Зэмлэл, шүүмжлэл үзэл бодлын зөрөлдөөн бол байх ёстой зүйл. Тэгж байж аливаа бүхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж түүнийгээ дагаад их бага хэмжээний ямарваа нэгэн үнэлэмж бий болж дээшилж байдаг.
Харин ямар шашинтан, нийгэмд хэн байхаас үл хамаараад бусад руу дайрсан доромжлол гэж байж болохгүй. Хүн бүхэнд нандин бүхнээ зориулан бий болгож, босгосон ажил амьдралын үнэ цэнэ гэж бий. Түүнийг нь хүндэтгэх ёстой. Хүн байхын утга учир чинь ерөөсөө ёс суртахуун дээр л суурилж байдаг шүү дээ. Хүн бүхэн цахим хэрэглээтэй болсон энэ үед тухайн хүний үнэлэмж, ямар хүн гэдэг нь нийтэд хандсан сэтгэгдэл, цахим хуудаснаас нь харахад л ойлгомжтой, амархан үнэлж дүгнэж болдог болжээ. Ерөнхийдөө ёс суртахуунгүй, ажил амьдралын үнэ цэнэгүй, нийгэмд үнэлэмжгүй хүмүүс доромжлол бий болгож ёс суртахуунгүй байдлыг дэвэргэдэг.

Өөрийн үнэлэмж, ёс суртахуунтай хүмүүсээс нийгмийн сайн сайханууд бүрэлдэн бий болж төлөвшинө. Өрнөж буй нөхцөл байдлыг харж ажиглаж байхад Монголчууд бидний дунд түгээмэл ажиглагддаг алдаа, дутагдлын нэг бол эв эе, нэгдэл, нягтралгүй, бие биесээ хэмлэн мэрж, буруу үзэл бодлоор өөр хоорондоо дайтсаар байгаад дээш тэмүүлсэн нэгнийгээ татаж унаган эцэст нь өөрсдөө ч дээшилдэггүй өрөөл бусдаа ч дэмждэггүй, улс орон ч хөгждөггүй ийм л дүр зурагтай байгаа нь нийтлэг, илэрхий байна. Энэ бүхний уг үндэс, шалтгаан нь хэм хэмжээнээсээ хальсан ёс суртахуунгүй үйлдлүүд хэрээс хэтэрснээс улбаатай юм.Тиймээс хүн бүхэн ёс суртахуунаа эрхэмлэх нь юу юунаас чухал болж байна.Ингэж байж улс орон ,нийгэм,хүмүүс маань зөв хандлагатай болох учиртай. Буддизмд хүний амьдралын чиг баримжааг тодотгосон гурван энгийн үндсэн суурь зарчим бий.
Үүнд:
1.Үйлийн үрийг номлодог шашин: Үүний утга санаа нь, хэн ямар үр, үйл тарина түүнийхээ үр шимийг хүртэнэ. Өөрөөр хэлбэл жаргал зовлонг дэнслэгч нь та өөрөө юм гэсэн номлол.
2.Сэтгэлийг чухалчилдаг шашин: Энэ утгаараа бидний жаргах, зовохын уг шалтгаан, үндэс нь сэтгэлээс хамаардаг гэдгийг чухалчилж байгаа.
3. Ёс суртахууныг эрхэмлэдэг шашин юм: Ёс суртахуунгүй хэм хэмжээнээс хэтийдсэн үйлдэл бүхэн балмад,хүнлэг бус үйлдлүүд бий болох шалтгаан болдог. Энэ утга санаагаараа юуг илэрхийлж байна вэ гэхлээр ухамсар, оюун санаат хүн бүхний зөв хандлага, чиглэл нь ёс суртахуун дээр оршин тогтнож байдгийг номлож байгаа юм.
Энгийн гурван суурь зарчмаараа буддизм бусад шашнаас онцлог ялгаатай. Тийм учраас шүүмжилж өрөөсгөл хандлага бий болгохын оронд бурхны шашны номлол, сургаалаас өөрийн амьдрал ахуй, зам мөрд хэрэгтэй зүйлүүдийг нь сонсож, судлан өөртөө чухалчлах нь ач холбогдолтой.

– Бидний хүсэлтийг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн таны буян номын ажилд амжилт сайн сайхан бүхнийг хүсье.
– Та бүгдийн ажилд амжилт сайн сайхныг ерөөе.

 

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …