Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг

Зүрхний хий өвчний талааар Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Ч.Одончимэгтэй ярилцлаа.


-Зүрхний хий өвчин нь ямар шалтгаан, нөхцлөөр үүсдэг вэ?
-Өвчний шалтгаан, нөхцөл гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Шалтгаан нь хүний биед байдаг, нэг ёсондоо хамт төрдөг сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр зүрхний өвчний шалтгаан нь хүний өөрийн 84000 муу сэтгэлээс, тэр дундаа хүсэл тачаалын сэтгэлээс үүснэ гэсэн байдаг. Хүсэл тачаал гэхээр шууд утгаар бас ойлгож болохгүй. Хүсэл тачаалын сэтгэл дотроо олон янз байна. Хий, шар, бадган тэргүүтэй өвчнийг үүсгэх өвчний холын шалтгаан гэж бий. Үүнд хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг байдаг. Хүсэл тачаалын сэтгэл нь хийн өвчний эх үүсвэр гэж үздэг.

Түүнээс хийн өвчин үүсдэг. Харин өвчин үүсгэх нөхцөл нь хоол унд, өдөр тутмын хийж байгаа үйлдэл, цаг улирал, ахуй орчны нөхцөл, гадны нөлөөтэй ад тотгорын нөхцөл юм. Зүрхний хий нь тослоггүй шимгүй хоол, унд байнга хэрэглэснээс болж үүснэ. Тухайлбал, махан хоол идэхгүй удаан явах, тариа будааг хорих, хольцгүй ус байнга уух нь муу. Мөн хурьцлын үйлийг хэтрүүлэх, ажил амралтаа зохицуулахгүйгээр нойргүй удаан явах, хоолоо сойж өлөн удаан хугацаагаар явах, их ярих, амралтгүй ажиллаж ядрах, ямар нэгэн байдлаар их хэмжээгээр цус алдаж удаан явах, ходоод, гэдэсний хямралаас болж удаан хугацаагаар суулгаж, бөөлжих, хүйтэн салхинд даарах, баас, шээс, хийг удаан хугацаагаар гаргахгүй барих, эсвэл гарахгүй байхад нь гаргах гэж шахах, хамгийн гол нь сэтгэл санааны хямрал, гутралаас болж үүсэх нь их байдаг.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ. Зүрхний хий өвчин өрнийн анагаах ухаанд оношлогдоггүй шүү дээ. Тиймээс маш удаан хугацаанд өвдсөн хүмүүс байдаг?
-Зүрхний хий өвчин нь зүрхний цахилгаан бичлэг, эхогоор харагдаж, оношлогдохгүй л дээ. Зөвхөн судас, шээс, хэл оношлогоо, асуух аргаар оношлогдоно. Зүрхний олон төрлийн өвчин байдаг. Тэдгээр нь хоорондоо шинж тэмдэг ижил ч өөр өөр өвчин юм. Зүрхний хий өвчний эхэн үед байн байн санаа алдаж, цээж дүүрсэн мэт зовиурлах, ямарваа нэгэн юманд анхаарал суларч ойлгохгүй өнгөрөх, мартах шинж тэмдэг илэрдэг.
-Зүрхний хий өвчнөөс шалтгаалж бусад эрхтэн систем өвчлөх, эсвэл ямар нэгэн өвчнөөс шалтгаалж энэ өвчин үүсэх магадлал бий юу?
-Дээр дурдсан хийг үүсгэх нөхцөлүүдээс шалтгаалж байгаа юм. Жишээ нь, төрсөний дараа, эсвэл үр хөндөлтөөр цус их алдсаны дараа, гэнэтийн осол аваар, элэгний өвчлөлөөс шалтгаалж хамраас цус алдсаны дараа төлжүүлэх эмчилгээ хийлгүйгээр удаан хугацаагаар явсанаар яваандаа зүрхний хий өвчнийг үүсгэх магадлалтай болдог.

Зүрхний хийнээс шалтгаалж зүрх долгисох өвчин үүснэ. Үүнийг эмчлүүлэлгүй удаан хугацаанд явсанаар сэтгэцэд нөлөөлдөг. Зүрхний хий өвчний үед толгой их өвдөнө, мартамхай болно, цээж хэсгээр өвдөж, нойр сэрвэлздэг болно, бусдыг асуугаагүй байхад хариулах, асуугаад байхад хариулахгүй байх гэх зэргээр орчинтойгоо зохицож чадахгүй болдог, сүүлдээ амьсгал нь их ширүүсдэг. Энэ нь уушгинд нөлөөлнө. Зүрхний өвчтэй хүмүүсийн хэл нь голоороо хагараад эхэлдэг. Бас нэг гол шинж нь зүрх нь байнгын түгшүүртэй байдалтай байдаг. Бие их сульдана, үймээн шуугианаас айна, амархан гомдож, баярлана. Иймэрхүү шинж тэмдэг илрээд эхлэх юм бол уламжлалтын эмчид хандах хэрэгтэй. Хэрэв оношлуулаад эмчлүүлэхгүй удаан явах эсвэл эмчилгээ хийлгэж байгаад дутуу хаясанаар тухайн хүний зүрхний өвчлөл хүндрэх, зовиур ихсэх, цаашлаад сэтгэцэд нөлөөлөх эрсдэлтэй.
-Энэ өвчнийг үүсгэхгүй байхын тулд юуг анхаарах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ер нь эмэгтэйчүүд өвчлөх нь их байдаг л даа. Ялангуяа төрсөний дараах гам сахихгүй даарах, нялх биетэй дээрээ ажил хийж ядрах, нойргүй явах, янз бүрийн зүйлээс болж сэтгэл санаагаа хямраадаг нь зүрхний хийг үүсгээд байгаа юм. Тиймээс эдгээр өвчин үүсгэх нөхцлийг тэвчих хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэл гутралд орохоос сэргийлэх нь чухал. Ялангуяа хөнгөн болон хүнд өвчний дараах сэтгэл санааны хямралыг багасгаж, өөртөө анхаарах хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хий, дотны хүмүүстэйгээ ярилцаж сэтгэлээ онгойлгох, тарни тоолох, бясалгах хийх хэрэгтэй.
-Уламжлалтаар маш үр дүнтэй эмчилдэг гэдэг. Ямар эмчилгээ хийдэг вэ?
-Тиймээ. Манай Манба Дацан нэгдсэн эмнэлэгт Өрнийн анагаахын эмнэлгүүдэд үзүүлээд оношлогдохгүй арав га-ран жил өвчтэй явсан хүмүүс ирж оношлуулж, эмчлүүлдэг. Зүрхний хий өвчний үед хийдэг олон төрлийн эмчилгээ байна. Эмийн эмчилгээ, заслын эмчилгээ, сэтгэл заслын буюу тарнийн эмчилгээг хавсарч хийвэл үр дүнтэй. Манай эмнэлэгт эдгээр эмчилгээг цогцоор нь хийж эмчилж байгаа учраас үр дүн өндөртэй.

-Ярилцсанд баярлалаа.

manbadatsan.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.