Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн өрнүүн ярилцав.


Малчин иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр баг, суманд хэдийнэ тогтсон намчирхал, улстөржилтийг арилгахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэж байлаа. Мөн тэд сумын Засаг даргыг иргэдээсээ сонгодог болохыг дэмжиж байна. Намаас заавал Засаг даргыг нэр дэвшүүлэхгүйгээр хэн хийж чадах, мэдлэг чадвартайгаа сонгодог болох хэрэгтэй бөгөөд ажлаа зохих хэмжээнд хийж чадахгүй бол иргэд өөрсдөө огцруулдаг зохицуулалтыг ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах талаар саналаа хэлж байлаа. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн албан хаагчдыг сонгогдох боломжийг хязгаарлахгүй байх нь зүйтэйг сануулсан юм. Тодруулбал, орон нутагт төрийн албан хаагчдад хязгаарлалт тогтоовол иргэдийн хуралд сонгогдох төлөөлөгчдийн чадвар муудах эрсдэл үүснэ гэв.

 Үргэлжүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянлиг сумын иргэдтэй нэгдсэн уулзалт хийж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Баянлигчүүд анх удаа цагаан будааг тариалж байна

Тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд бүтээн байгуулалтын томоохон ажлын хүрээнд 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолбор, 24 айлын дэд бүтэцэд холбогдсон тохилог сууц зэргийг барьжээ. Энэ сумын иргэд хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн байдаг бөгөөд Монголд анх удаа цагаан будааг тариалж эхэлсэн байна. “Gimex” компанийнхан 127 хоногийн болцтой цагаан будааны үрийг 1 га орчим талбайд суулгасан байна. Хүлэмжид үрслүүлээд хөрсөнд шилжүүлэн суулгах болон үрээ шууд тариалалтын талбайд нь тарих гэсэн хоёр аргаар тариалжээ. Ирэх сарын 20-ны үеэр хураалтаа хийхээр төлөвлөжээ. 2017 онд анх цагаан будааг тариалах туршилтаа эхлүүлж байсан. Энэ онд уг нь 80-100 га-д тарих үрээ хүлэмжид үрслүүлж байсан ч цаг агаарын байдлаас болж ихэнхийг нь ашиглах боломжгүй болсон. Эхний ээлжид сум орон нутаг, яваандаа улсынхаа цагаан будааны хэрэгцээг хангахыг зорьж байгаа талаараа “Gimeх” ХХК-ийн тариалалт, усжуулалтын инженер Э.Ганзориг ярьсан юм.


Баянлиг суманд жижиг дунд үйлдвэрлэлийн паркыг хөгжүүлэх ажил өрнөж байна. Иргэд нэгдэн нийлж хоршоо байгуулан хамтын хөдөлмөрөөр эсгий урлал, гутал, хөөрөг, модон эдлэл, хивс, дээл, хөх арвайн бүтээгдэхүүнийг хийж борлуулдаг байна. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд ч харамгүй зориулж өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлдгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал хэлэв.

Эдгээр хүмүүсийн нэг төлөөлөл нь “Өлзий дүүрэн баялаг” хоршооны тэргүүн С.Цэцгээ юм. Эдний хоршоо 2013 онд байгуулагдсан бөгөөд 9 гишүүнтэй. Эсгийгээр 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж борлуулдаг. Жижиг дунд үйлдвэрлэгчид 1978 онд ашиглалтад орж байсан сумын сургуулийн хуучин байранд үйл ажиллагаануудаа явуулдаг бөгөөд өөрийн гэсэн ажлын байртай болохыг хүсэж байгаагаа холбогдох албаны хүмүүст уламжилж байлаа. Ажлын байртай болчихвол улам олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэр хэрээр ажилгүй байгаа сум, орон нутгийн залуучуудыг ажлын байраар хангаж, өөрсдийн чаддаг бүхнээ зааж сургах хүсэлтэй байдаг гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.