Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгуулсан байна.

Ажлын хэсэгт БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, “Монгол ус” ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөлөл орсон бөгөөд Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ болон бусад судалгааны үр дүн, ашиглалтын мэдээлэлд үндэслэн 2019 оны аравдугаар сард багтаан санал боловсруулах юм.

Туул голын сав газарт нийслэл хотын төвийн долоон дүүрэг, Төв аймгийн Зуунмод болон Архангай аймгийн нэг, Булган аймгийн тав, Өвөрхангай аймгийн нэг, Төв аймгийн 11 нийт 20 сумын нутаг дэвсгэр ордог.

2018 оны жилийн эцсийн байдлаар сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой гол болоод байна.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон.

Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614.4 мян.м3/хоног болж өсөхөөр төлөвлөсөн. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх хэрэгцээ үүсэж байгаа юм.

Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүллээ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн …