Төгсбаатар: ELMONGOL платформ нь таныг хятадын зах зээлтэй холбох гүүр болно

Хоёр том гүрний дунд оршиж байгаа Монголчууд бид ОХУ, БНХАУ хоёртой бизнес, наймаа арилжаагаа өргөжүүлж амьдарсаар олон жил өнгөрч байна. БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон үзүүлэлт бий.

Монголчууд бид хэдэн зууны тэртээ тасран цагийн мууд автан салж одсон Өвөрмонголчуудынхаа талаар тааруухан бодолтой нь үнэн билээ. Гэвч Монгол гэх нэгэн нэрийн дор үсэрсэн цус, тасарсан мах элэг нэгт энэхүү ард түмний тухай мэдэхээсээ мэдэхгүй нь их гээд хэлчихвэл дэгс болохгүй. Энэ удаа бид БНХАУ- аас Монгол руу олон талт ажлыг гүйцэтгэж яваа Өвөрмонголын бизнесмен Төгсбаатартай нийгэм, цаг үеийн байдлаар ярилцлаа.


-Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Төгсбаатар гэдэг. Би Өвөрмонголын жижиг тосгонд төрсөн. Ажил амьдралын гараа маань хөдөө нутгаас эхэлсэн. Улмаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 10 гаруй жил амьдарсан. Манай компани нь компьютер тоглоом зохион бүтээдэг 2500 гаруй ажилтантай том байгууллага. Тэнд компьютер тоглоомын графикчаар ажиллаж байсан. Нийслэл Бээжин хотод өөрийн байр суурь ажил, амжилтыг олж чадсан ч гэр бүлтэй болж миний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, хүүхдээ эх хэл соёлоо сургах, Монгол аж ахуй, соёлтой ойр өсгөх ёстой гэсэн бодол төрж нутагтаа ирсэн юм.

2013 онд охиноо Монгол үндэсний цэцэрлэгт суралцуулсан боловч хэлний орчин, сургалтын чанар санасан хэмжээнд хүрээгүй. Монгол хэл сурах орчин хязгаарлагдмал, Хятад хэл соёл давамгайлснаас болж цэвэр монгол хэлээр сурах боломж тун тааруу байсан. Ийнхүү 2015 онд Монгол улсад ирсэн юм. Одоо охин Энхжин маань “Шинэ-Монгол-Хармафүжи” сургуулийн хоёрдугаар ангид, хүү Энхнайдан Булган аймгийн Гурванбулаг сумын Солонго цэцэрлэгт суралцаж байна. Бид хүүхдээ Монгол хүн болгохын төлөө, Монгол ёс заншлаа мэдэрч өсгөхийн төлөө л Улаанбаатарт гэр бүлээрээ ирсэн. Зорилго минь биелж Монгол хэл соёлоо эзэмшиж баяр хөөрөөр дүүрэн байхыг харах нь эцэг, эх болсны жаргал юм даа. /инээв/

-Та одоо ямар ажил эрхэлдэг вэ, Ажлынхаа талаар бидэнтэй хуваалцаач?

Би “Хянганы зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Манай компани 2013 онд байгуулагдсан. Миний чин хүсэл бол Монгол бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд худалдах, нэвтрүүлэх зорилготой. Энэ замналаар ч манай компанийн үйл ажиллагаа явагдаж байна. Манай компанийн зорилго Монгол брэнд, Монгол гэсэн тодотголтой зүйлийг БНХАУ-ын зах зээлд экспортлох, цаашлаад БНХАУ-аас барилгын материал нийлүүлэх зорилготой. Хамгийн гол ажил болох “ELMONGOL” олон улсын бизнес мэдээллийн хөтөч платформ нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Энэ платформ Монголчуудад зориулагдсан мэдээллийн хөтөч сайт юм. Учир нь БНХАУ-д дэлхийн нийтэд хэрэглэгддэг сошиал сүлжээг хорьдог учир хүмүүс вичат сүлжээг ашиглан “ELMONGOL” олон улсын бизнес мэдээллийн хөтөч платформ руу нэвтэрч Эрээн хот цаашлаад БНХАУ-ын бүхий л хот руу арилжаа наймаа судлах, түншлэлийн холбоо тогтоох, гээсэн бичиг баримт, эд зүйлээ олох, байр түрээслэх, бараа худалдах, хүссэн ажлын байр олох, туршлага солилцох гэх мэт үйлчилгээг цаг алдалгүй авч байгаа.

Би үүнд маш их баяртай байна. Мөн БНХАУ-тай холбосон eltuan.com сайт руу зочлоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Би ч бас “ELMONGOL” олон улсын бизнес мэдээллийн хөтөч платформоос Монгол улсад юуны түрүүнд БНХАУ-аас юуг нэвтрүүлэх нь чухал бэ? гэдгийг судлаад эхний байдлаар барилгын материал нийлүүлэх шаардлагатайг ойлгосон. Тэр бүр Монголоос орж ирсэн хүмүүс хамгийн түрүүнд Эрээнд ирж ямар хүнтэй яаж, хэрхэн холбогдохоо мэддэггүйгээс болж чанаргүй бараа худалдан авах нь түгээмэл явдал. Энэ нь эргээд бизнесийн ажилтанд сөрөг нөлөө үзүүлдэг. Эндээс үүдээд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх зорилгоор барилгын материалын үйлдвэрээ 2015 онд Эрээн хотод үүсгэн байгуулсан юм.

Та барилгын материалын үйлдвэрийнхээ тухай танилцуулаач. Учир нь бид БНХАУ-аас дийлэнх барилгын материалаа нийлүүлж байна шүү дээ. Манай уншигчдад сонирхолтой санагдах байх.

Манай үйлдвэр олон улсын стандартыг хангасан 2500 м2 талбайд нэг өдрийн дотор эмульс 50тн , чулуун эмульс 60тн, цагаан замаск 100тн хэмжээгээр тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай. Хамгийн чанартай барааг импортлох, ашиг бус чанарыг мөрдөхийг голчилдог. Манай компанийн хамгийн том давуу тал бол БНХАУ-аас гадаад руу хамгийн бага зардлаар барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэх арга замыг судалж 20 гаруй жил ажилласан туршлагатай хамт олон маань юм. 2015 оноос хойш хувь хүн аж ахуйн нэгжтэй хамтарч олон төслүүд, тендерийг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.

-Хүн болж төрсний хамгийн эрхэм бөгөөд нандин зүйлийг та юу гэж боддог бэ?

Хүн гэдэг юуны түрүүнд үндэс угсаагаа мэдэж хайрлан хамгаалах үүрэгтэй гэж боддог. Бид бүгд Монгол хүн, Монгол үндэстэн шүү дээ. Би Монгол хэл соёлоо хадгалж үлдэхийн тулд 2018 онд Өвөрмонголын хамгийн анхны, хамгийн том “А,Э,И” Монгол цэцэрлэгийг үүсгэн байгуулж ажиллуулж байна. Энэ миний үүрэг, хамгийн том мөрөөдөл минь байсан юм. “Оюуны бренд”-ийг дэлхийн тавцанд таниулах зорилготой цэвэр Монголоор хичээллэх цэцэрлэг маань анх 150 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол нэг жилийн дотор 450 хүүхэд хүлээж авах чадалтай салбар цэцэрлэг үүсгэж хүрээгээ улам тэлсээр байна. Удахгүй оюуны брэндийн сүлжээг түгээнэ гэдэгтэй эргэлзэхгүй байна. Бид Монголын оюун ухааны академитай хамтарч “Хурд” спорт өрөлтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол улсаас шилдэг багш, мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцон ажиллаж байна. Хүн шударга үнэнч, бүтээлч хандлагыг л эрхэмлэх хэрэгтэй гэж боддог.

-Залуу бизнесменүүдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ, Өдийг хүртэл хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн зөвлөгөө өгөөч?

Хамгийн гол нь цаг хугацааг алдаж болохгүй. Цаг хугацаа бол бизнесменүүдийн хамгийн том өрсөлдөгч гэж хэлмээр байна. Хэн түрүүлж эхэлнэ тэр л илүү ихийг хүртдэг.

Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Төгсбаатартай харилцах утас: 13234796630

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.