“Олон улсын цэргийн наадам”-ын морин цэргийн уралдааныг анх удаа зохион байгуулна

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр ирэх сарын 3-10-нд явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна. Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Олон улсын цэргийн наадам”-ын тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьснаар биеллээ олж байгаа нь энэ юм.

Монголыг дэлхийд таниулах уг уралдаанд үндсэн оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, ажиглагчаар АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс оролцож байна. Уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдах ёстой. Өдгөө уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын үндэсний ёс заншил, түүх, соёл, уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэгдсэн “Бэсрэг наадам”, “Адуучин” өдөрлөг, Улаанбаатар хоттой танилцах аялал болон соёл урлаг, спортын бусад арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.