Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээн засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дагуул хотуудыг байгуулах тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээж, аялал жуулчлалын бүс болгон тохижуулж, хөгжүүлэх, мөн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орлогод нийцсэн орон сууцаар хангах боломжтой талаар талууд хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд дээрх асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк хамтарсан ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, саналыг боловсруулан ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.