Г.Цоггэрэл: Би ард түмнийхээ хүслийг биелүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт өнөөдөр /2019.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан. Ингээд Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчтай цөөн хором ярилцлаа.


-Сайхан наадаж байна уу. Үндэсний их баяр наадмаа анх удаа найрууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 -Сайхан наадаж байна. Миний сэтгэл огшиж байна. Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээсэн юм. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулж, ажилласан бүх найруулагч мундаг. Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Үндэсний их баяр наадам бол Үндэсний мюзикл юм.

-Энэ жилийн наадмын нээлт өмнөх жилүүдийн наадмын нээлтээс юугаар онцлогтой болсон вэ. Таны хувьд зорьсондоо хүрч чадсан уу?

 Наадмын найруулагчаар ажиллана гэдэг тийм амар биш шүү дээ. Хүн болгонд зүхүүлнэ. Гэхдээ миний ард түмэн энэ наадмаас ирэх цагийн сайхан ерөөлийг авсан гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмэн маань бие биеэ сайн сайхан үгээр ерөөж байгаасай гэж хүсэж ажиллалаа.

-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтод түүхэн тэгш ойнуудыг тодотгож оруулсан байсан. Техник технологийн ямар дэвшлийн хувьд ямар байсан вэ?

-Энэ жилийн Үндэсний их баяр наадамд технологийн дэвшил ашиглалаа. Энэ бол шинэчлэл гэж хэлж болно. Бид өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон нээлт хийгээгүй. Бидэнд маш олон дэвшилтэд технологи дутагдалтай байна. Манай уран бүтээлчдэд авьяас чадвар байна уу байна. Гэхдээ л бид байгаа техник технологио ашиглана наадмынхаа нээлтийг амжилттай хийлээ. Наадмын нээлтийн тоглолт дээрээ Монголын бэлгэдэл болсон таван нүдэн хэлбэрийг харууллаа. Бас дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгаа харууллаа. Монгол гэрээ бүтэн барихыг харууллаа.

 -Наадмын нээлт, хаалтын тоглолтод хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Төсөв нь хүрэлцсэн үү?

 -Энэ жил наадмын нээлт, хаалтын тоглолтын төсөвт нийт 600 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төсөв үнэхээр хүрэлцээгүй. Монголын томоохон үйлдвэр “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Таван толгой” компани маань ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Мөн тулгийн маань асуудаг “Дашваанжил” компанидаа баярлалаа. Тус компанийн хамт олны ачаар нээлтийн тоглолтоор тулганы галаа ес болгон асаалаа.

-Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтод маш өргөн бүрэлдэхүүн ажилладаг. Энэ жил хэчнээн уран бүтээлч ажилласан бэ?

-Мэдээж би Монголынхоо бүх урлагийн байгууллагадаа баярлаж байна. Мөн цэрэг, хүчний байгууллагууддаа талархаж байгаагаа хэлье. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтод нийт 2500 орчим хүн ажиллалаа. Монголын цэргийн арми бол жил жилийн наадамд хүч түрж өгдөгт баярлалаа. Онцгойлон манай найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очиртоо маш их баярлалаа. Надад хамгийн их түшиг тулгуур минь болсон хүн. Монголын ард түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

Н.Алт

 Г.Нараа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …