Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Баялаг түүхтэй, дэлхийд нэр хүндтэй энэ байгууллага Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж байдагт нь Шадар сайд талархал илэрхийлэв.

УИХ 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа хүмүүнлэгийн чиглэлээр төрд туслах үүргийг нь тусгасныг дурдав. Мөн Шадар сайдын ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажиллаж байгааг тэмдэглэв.

МУЗН эмзэг байдлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зэргээр идэвхтэй ажиллаж байгааг онцлов.

Засгийн газар цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, тогтвортой хөгжлийг хангахад анхаарч байгааг хэлэв. Мөн МУЗН-ийг бүх талаар дэмжиж, дэмжлэгийг нь ч авч ажиллахаа илэрхийлэв.

 Улс орондоо төдийгүй олон улсын түвшинд нэр хүндтэй МУЗН-ийг Шадар сайдын хувьд дэмжиж, хамтран ажиллаж байгаад  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока талархал илэрхийлэв. Мөн МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль нь бусад улс оронд загвар хууль болсныг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.