Ш.Энхийн-Од АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцана

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш. Энхийн-Од АНУ-ыг зорьсон билээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас урилга ирж, суралцах хүсэлт тавьсан юм. Тэгвэл  Монголын сагсан бөмбөгийн шинэ од Ш.Энхийн-Од 2019-2021 онуудад АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон тухайгаа дуулгалаа.

Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Харин түүний аав Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц фэйсбүүк хуудаснаа “Хүү маань мундаг сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо. Цаашид юу болохыг тэнгэр мэднэ… Арван жилийн  хөлс хөдөлмөр нь талаар болсонгүй ээ.
Аав нь маш их баяртай бас аз жаргалтай байна. Хар нялхаасаа л зорьсон зорилгоосоо жоохон ч хазайлгүй бүх цагаа зориулж зүтгэсэн зүтгэл нь дахин нэг шат дээш нь дэвшүүллээ. Энэ бол замыг зөвхөн эхлэл. Дуртай зүйлдээ байнга өлсгөлөн мэт байгаарай миний хүү. Сэтгэл ханах болоогүй шүү!!! Байнга дэмждэг та бүхэндээ баярлалаа.” хэмээн  баярт мөчөөсөө  хуваалцлаа.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. taij says

    NBAгийн оргил өөд мацаарай миний дүү амжилт өмнө чинь байна баяр хүргэе!

Comments are closed.