МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авчээ

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.07.03/-нд ээлжит хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх тухай саналыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн албан хүсэлтэд “Ардчилсан Үндсэн хуульд амжилт ололт, алдаа дутагдал их байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монгол төр, ард түмний үүрэг мөн. Арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулах гэдэгтэй маргаж байгаа хүн байхгүй. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг огтолж хэрхэвч болохгүйг Та бүхэнд сануулъя. Миний бие ард түмнээс сонгогдсон төлөөллийн хувьд УИХ-аар хэлэлцүүлж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлаж байна. Авах зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг баяр наадмын дараа болгож өгнө үү” гэсэн санал ирүүлсэн.

Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийг хэлэлцэх журмын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлэг тасралтгүй явна. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганы хуралдааныг долоодугаар сарын 16-20-ны хооронд явуулах шийдвэр гаргалаа.

Харин долоодугаар сарын 4-5, мөн 8-9-ний өдрүүдэд ажлын дэд хэсгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаас 100 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан.

Цаашлаад хаврын чуулганыг хаах хуулийн хугацаа нь болсон. Иймд энэ Баасан гарагт хаврын чуулганыг хаагаад, ээлжит бус чуулганыг нээхээр хэлэлцсэн. Ерөнхийлөгч долоодугаар сарын 16-ны нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, санал хэлэхээр болсон. АН-ын зөвлөл Ерөнхийлөгчтэй ижил санал өгнө гэж байгаа. Үүний дараа ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Эндээс гурав дахь хэлэлцүүлэг хийх эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.