Агваандандар лхаарамба мэндэлсний 260 жилийн ойд зориулан ном хэвлүүлжээ

 

Агваандандар (1759-1840) лхаарамба бол монгол, төвд, санскрит хэлнээ цагааширсан нэрт гүн ухаантан, буддын шашны эрдэмд нэвтэрч 40 гаруй бүтээл туурвисан байна. Тэрээр 1759 онд Алшаа хошууны Баяннуруун багийн нутагт хойд овогт Гавьяат үйзэн Зайсангийн гэр бүлд мэндэлжээ. Бага насандаа Буян арвитгагч сүмд шавилж, ном эрдэмд суралцаж, улмаар 19 настайдаа Лхасын Брайвүн хийдийн Гоманд шавилан 24 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд төв үзлийн онол, билиг барамид, учир шалтгааны ухааныг шамдан судалж, монгол хэлний зүйн бүтээл “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх судар оршивой”, гүн ухааны сурган сануулах шүлэг “Хүмүүний ёсны хурим хэмээх сургаал оршивой”, монгол төвд хэлний толь “Нэр утгыг тодорхойлогч сарны гэгээн гэрэл хэмээгдэх дохионы бичиг оршивой” зэрэг алдартай бүтээлээ туурвисан буй. Ялангуяа учир шалтгааны ухаанаар 14 зохиол бичсэнийг эрдэмтэн онцлон тэмдэглэжээ. Агваандандарын учир шалтгааны ухааны бүтээлийг философич эрдэмтэн Т.Содномдаргиа агсан тусгайлан судалж 2001 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монголын философийн түүх” бүтээлд нэгэн зүйлийг хэвлүүлсэн байна. Түүнчлэн хэл шинжлэл, утга зохиолын бүтээлийг нь 1910 оноос хойш Оросын эрдэмтэн Г.Ц.Цыбиков, Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатской, М.И.Тубянский нарын эрдэмтэд судалж байжээ.

Түүний мэндэлсний 260 жилийн ойд зориулан Өвөр Монголын Багшийн Их сургууль дээр Монголын эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж буй “Монголын учир шалтгааны ухааны судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд профессор Тү.Өлзий “Монгол шалгадаг ухааны зохиол, бүтээл” цувралыг эрхлэн хэвлүүлж байна. Эхний хоёр дэвтэр нь Улаанбаатарт 6-р сард хэвлэгдээд байгаа бөгөөд Өвөр Монголын судлаач Ширүүн “Агваандандарын чойрын ухааны судлал” нэгэн сэдэвт бүтээл, Донравжамцын орчуулсан “Учир шалтгааны ухааны бэрх газрыг тайлбарлан тэмдэглэсэн шинэ номлол нарны гэрэл хэмээгдэх оршивой”, “Үзэл учир шалтгааны онолын тайлбар үзэсгэлэн сувдын эрхи хэмээгдэх оршивой” зэргийг нэгтгэн “Алшаа Дандар лхаарамбын шалгадаг ухааны сүмбэм” нэрээр хэвлүүлсэн байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.