100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

Өнөөдрөөс эхлэн 100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн.

Тухайлбал,

-Долдугаар сарын 1-10-ны өдрийн хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл,

-Долдугаар сарын 14-28 ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,

-Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж зам засварын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад хэд хоног хойшлогдож магадгүй. Зам хаасан үед автомашин өөр газраар зорчих боломжтой” хэмээн ярилаа.


Харин Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэхдээ” 100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр байна. Мөн тухайн замын хоёр талаар ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөсөн..Нийтийн тээврүүд эхний ээлжид Хангай хотхоны зүүн гар талаар 100 айл руугаа зорчих боломжтой.

Хоёр дахь ээлжид 100 айлын Сэлбэ голыг дагасан далан бий. Энэ далан дээгүүр тээврийн хэрэгсэл одоо болтол зорчиж байгаа. Зам ажлаа бид өнгөрсөн жил шиг усархаг бороо дарааллаж олон өдөр орохгүй бол ирэх сарын 15-ны өдөр хийж дуусаад зорчих хэсгээ нээнэ. Харин үлдсэн тоноглолын ажлаа хийхдээ бид ямар нэг байдлаар тээврийн хэрэгслийн саад болохгүй.

Энэхүү 1.6 километр авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Энэ мөнгө зөвхөн 100 айлын замын бүтээн байгуулалтын ажилд биш, замын доорх инженерийн шугам сүлжээг засварлах, тунелын системд оруулах ажилд зориулагдана.Түүнчлэн 100 айлын зогсоолын тоог нэмж, замын ус зайлуулах хоолойг шийднэ. Тиймээс тухайн зам дээр ус тогтоно гэсэн асуудал гарахгүй” гэв.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.