Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долдугаар сарын 22-ноос бүртгэнэ

Засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Тэгвэл энэ сарын 25-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг батлах асуудлыг хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьжээ. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “ Нийслэлийн орон сууцны корпораци түрээсийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ удаа Хөгжлийн банкны зээлээр барьсан “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банктай гэрээ хэлцэл байгуулах асуудлыг ярьж, хэлцэл хийхээр ажиллаж байна. Мөн Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журмыг баталж байгаа. Хотын зүгээс түрээсийн орон сууцны түрээсийн хүүг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Эхний өгсөн саналаар түрээслэнгээ байраа өмчлөх иргэдэд таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэйгээр төлөхөөр боломж олгохоор ярьж байгаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрт хамрагдах иргэдийн түрээсийн тооцооллыг бэлэн болгосон. Гэхдээ Хөгжлийн банктай хийх гэрээ хэлцлээр хүү буурвал дагаад үнэ буурах юм. Ер нь иргэдийн сард төлөх төлбөрийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зорьж байна. Иргэд урьдчилгаа төлбөр хийсэн байдлаасаа шалтгаалан сард ойролцоогоор 700- 800 мянган төгрөг төлөх боломжтой.

 “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид дутуу ажлаа гүйцээхээр ажиллаж байна. Хөгжлийн банкны хэлцлийн асуудал хараахан дуусаагүй байгаа зэргээс хамаарч, цахим бүртгэлийг албан ёсоор долдугаар сарын 22-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна.Цахим бүртгэлийг долоо хоног зохион байгуулж, наймдугаар сараас иргэд байрандаа ороод эхэлнэ”гэлээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.