Оюутны номын сан, лаборатори байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нартай боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Герман Улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн юм. Төсөл хэрэгжснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө гэж талууд үзэж байна.

Төслийн санхүүжилтийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн өмчит банк болох Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан олгох бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжилтийг хариуцан ажиллах юм. Гарын үсэг зурах ёслолд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа нар оролцов.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …