Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудтай уулзалт хийлээ 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/447 захирамжаар нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэгч компаниудын ирүүлсэн хүсэлтийг шуурхай судалж, зохих журмын дагуу шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан билээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яамны бодлого, төлөвлөлтийн газар, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Орон сууцны дэд бүтцийн газар, Авто замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хөрөнгө оруулалтын газар, Бүртгэлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагууд орсон байна.

Ажлын хэсэг нь төслийг амжилттай гүйцэтгэхэд тулгараад байгаа саад бэрхшээл, тулгамдсан асуудлаа харилцан ярилцаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд асуудлаа тавьж, шийдэл гаргахаар дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч 34 компаниудын төлөөлөлтэй хамтарсан уулзалт хурлыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгууллаа.

Уулзалт хурал дээр барилгуудын цахилгаан хангамж, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, инженерийн шугам сүлжээний эх үүсвэрийн асуудал, газар өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх явцад үүссэн татварын асуудал, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамтай холбоотой үүссэн газрын маргаан, авто замын хөрөнгө оруулалтын асуудал болон Монгол улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн асуудал зэргийг хэлэлцлээ.

Моннис урбан девелопмент ХХК, Баганат Өргөө ХХК, Хера пропертийз ХХК, Бүрд констразшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК, Цагаан хуаран ХХК, Баярс ХХК, Пример инвестмент групп ХХК болон бусад барилгын компаниуд өөр өөрийн өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, холбогдох мэргэжилтэнээс зохих хариултаа авлаа.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай хэлэхдээ “Нийслэлийн захиалагч байгууллагын хувьд төсөл хэрэгжүүлэгч компаниудад тавьж байгаа гол шаардлага бол гэр хорооллын яндангийн тоог бууруулах, түүний тулд хэдэн айлыг байртай болгож, хэдэн яндангийн тоог бууруулсаныг нь гол үзүүлэлт болгож дүгнэж ажиллах болно” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …