Нийслэлийн Засаг даргын орлогч О. Мөнгөншагай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

Энэ сарын 11-ны өдөр  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт хэрэгжиж байгаа Дэд бүтцийн төв төсөл болон Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо 72 дугаар сургууль орчмын хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа Асар өргөө, Буурал сутай компаниудын барилгын ажлын явцтай танилцлаа.


Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт хэрэгжиж байгаа Дэд бүтцийн төв төсөл

Тус төв нь Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн нягтрал ихтэй хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа бөгөөд 220 нэгж талбайг хамарсан, 14 га газарт, 285 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөснөөс өдгөө эхний ээлжийн 49 айлыг дулаан шугамд холбоод байгаа юм.

Тус төслийг хэрэгжүүлэгч Термомастер ХХК-ийн захирал Д.Нямдэлгэр “Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Эхний ээлжний айлуудаа дулаанд холбосон. Харин төсөлд хамрагдах айл, өрхүүдийн хувьд байшин руугаа оруулах халаалт, цахилгаан, цэвэр бохирын усны шугамаа татуулах бэлтгэлээ хангаж, ванн, душ, 00 суултуур, паар зэргээ бэлдэх хэрэгтэй. Манай компаниас айл өрхийн хашаа рүү шугамыг татаж холболт хийж өгөх бөгөөд энэ ажлыг 6 сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо 72 дугаар сургууль орчмын дахин төлөвлөлтийн төсөл
Тус төсөл нь 714 айлын 17 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөгдсөн бөгөөд 2013 онд дахин төлөвлөлтийн төслийн ажлаа эхлүүлээд зогсонги байдалтай байсан Буурал сутай, Асар өргөө компаниуд энэ зундаа багтаж ажлаа дуусгахаар шаргуу ажиллаж эхлээд байна.
Буурал сутай компанийн хэрэгжүүлж буй төсөл Буурал сутай компанийн захирал Д.Одбаяр “Манай компани нь эхний ээлжийн 48 айлын орон сууцны барилгаа ажлын графикийн дагуу наадмын өмнө ашиглалтанд оруулахаар дотоод заслын ажилдаа ороод байна. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа. Заасан хугацаандаа улсын комисст хүлээлгэж өгнө” гэв.
Асар өргөө ХХК-ийн 20 айлын орон сууцны барилга нь барилгын ажил эхлүүлэх, дуусгах зөвшөөрлийн хугацаа болон техникийн нөхцлөө шинэчлэх зэрэг ажлуудаа дуусгаж, олон жил хүлээгдсэн төслийн ажлаа ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсон байна.
Асар өргөө ХХК-ийн төслийн удирдагч Т.Дагвадорж “Энэ оны 8 дугаар сард эхний 20 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, дараагийн ээлжийн барилгын ажлаа эхлүүлэхээр ажиллана” гэж ярилаа.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …