Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тус хороо бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж буйг онцоллоо.

Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр байлгахаар шийдвэрлэлээ. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна.

Жилийн инфляц 2019 оны тавдугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляц тогтвортой байна. Уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсөж, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг өсөж байна” гэв.

Аравдугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орох үгүй нь шийдэгдэнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Суурь инфляц 2018 оны хоёрдугаар улирлаас хойш 4-5 орчим хувь дээр тогтвортой байгаа. Сүүлийн үед инфляцийн хэлбэлзэл дотор мах, түлш, бинзен гэх гурван бүтээгдэхүүн өндөр жин дарж байна. (Махны үнэ зөвхөн тавдугаар сард гэхэд 10.8 хувиар өссөн)

Инфляцийн төсөөллийн тухайд 2019 оны дөрөвдүгээр улиралд 7-8 орчим хувьтай, 2020 оны байдлаар 7.8 хувьтай байх голч таамаглал байна. Харин 2021 оноос инфляц 6.4 хувь руу аажмаар буурах төсөөлөлтэй байгаа. Эдийн засгийн өсөлт 2019 онд 7.3 хувьтай, 2020 оны өсөлт 6 хувьтай байх суурь төсөөлөл боловсруулсан.

Түүнчлэн эдийн засгийн гадаад байдал их салхитай байна. Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус бус байдлыг нэмэгдүүллээ.

Цаашид худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд макро эдийн засгийн бодлогын дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна.

Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол байгаатайгаар даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ оны аравдугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орох үгүй нь шийдэгдэнэ” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.