Ц.Мичидмаа: Ардын жүжигчин П. Цэрэндагва ахын хэлсэн үгнээс надад маш их хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрсэн

“Өглөөний зочин” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин Цацралтын Мичидмааг урьж ярилцлаа. 

Тэрбээр өнгөрөгч 2018 онд Монголын үндэсний кино академиас зохион байгуулсан “Академи авардс” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр хүртсэн билээ.

Авьяаслаг охин маань “Зүрхэнд дуссан нулимс” “Том дөрвөн толгой”,“Том зургаан толгой”, “Он цагийн эрэлчид” олон ангит кино, “Үзэсгэлэнт 12 сар”, “Хөхөөний үүр” “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Толбо”, “Хайр” “Би нар” “DEJA VU”зэрэг уран сайхны кинонуудад гол ба туслах дүрүүдийг бүтээсэн юм.


Суралцаж буй сургууль:Нэгдүгээр сургууль

Хобби: Slime, Хүүхэлдэйн киноны баатруудыг цуглуулах

Хэлэх дуртай үг: “Би чадна”

Хайртай амьтан:Нохой,

Сошиал хуудас: /Michidmaa/-фэйсбүүк

-Хоёулаа чиний тоглосон кинонуудын талаар яриагаа эхэлье. Хамгийн анх ямар кинонд гол дүр бүтээсэн бэ?

-“Зүрхэнд дуссан нулимс”уран сайхны киноны продюсер “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киноны гол дүрийг сонгон шалгаруулалтад оролцох санал тавьсан. Сонгон шалгаруулалтдаа тэнцээд киноны гол дүр Бүжин охины дүрд тоглосон.

-Ингэхэд Мичка маань хэдэн настайгаас эхлэн анх кинонд тоглолоо?

-Анх таван настай байхдаа “Зүрхэнд дуссан нулимс” уран сайхны киноны туслах дүрд, дараа нь зургаан настайдаа “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киноны гол дүрд тоглосон.

-Чи хамгийн сүүлд найруулагч Б.Чингүүний шинэ уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кинонд тун чадварлаг тоглосон. Энэ дүрийг бүтээхэд бусад дүрүүдээс юугаараа ялгаатай байсан бэ?

– Би найруулагч Б. Чингүүн ахынхаа “Deju vu- Дэжа вү” кинонд Төмөр гэдэг шүүгчийн Эгшиглэн гэдэг том охины дүрийг бүтээсэн. Гэрт нь ирсэн алуурчнаас ээж, охин дүүтэйгээ зугтаж байгаа дүр. Энэ дүрд тоглох хэцүү байсан. Яагаад гэвэл гадаа хүйтэнд нимгэн хувцастай уйлаад гүйдэг хэсэг байдаг. Энэ хэсэгт би жинхэнээсээ уйлсан.

-Миний дүү 20 гаруй уран сайхны киноны гол ба туслах дүрд тогложээ. Эдгээр дүрүүдийг бүтээхэд ер нь чамд ямар байсан бэ?

-Би “Зүрхэнд дуссан нулимс” “Том дөрвөн толгой”,“Том зургаан толгой”, “Он цагийн эрэлчид” олон ангит кино, “Үзэсгэлэнт 12 сар”, “Хөхөөний үүр” “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Толбо”, “Хайр” “Би нар” “DEJA VU”зэрэг кинонуудад тоглосон. Эдгээр кинонууддаа өөрийн сэтгэл зүрхээ зориулан тоглосон болохоор бүх дүрүүддээ хайртай.

-“Академи авардс” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн дүүдээ баяр хүргэе. Энэхүү шагналыг тайзан дээрээс гардаж авч байсан үеийнхээ сэтгэгдлийг хуваалцана уу?

– Тэр үед Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэндээ үнэхээр баярласан. Шагнал авна гэж бодоогүй, ямартаа ч өөрийгөө нэр дэвшиж байгааг мэдсэн. Ер нь шагнал хүртсэн уран бүтээлч үг хэлдгийг зурагтаар л харснаас биш, өөрөө хэлнэ гэж бодоогүй ээ. Тиймээс тайзан дээр гарч үг хэлэхдээ их сандарсан. Ардын жүжигчин П.Цэрэндагва ахын хэлсэн “Жүжигчин гэдэг мэргэжлийг эхэлж болдог ч төгсөж болдоггүй гэдгийг санаж яваарай”гэдэг үгийг сонсоод надад маш их хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрч “би кино урлагийн салбарт хөл тавьж байгаа дүү нарыгаа манлайлах хэрэгтэй” юм байна гэж бодогдсон.

-Мичка маань кинонд тоглохоос гадна МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг шүү дээ. Энэ их ажлын хажуугаар хичээл сурлагадаа хэрхэн анхаардаг вэ?

-Хамгийн анх SBN телевизид “Нахиа” хүүхдийн хөтөлбөрийг зургаан сар гаруй хугацаатай хөтөлдөг байсан. Мөн С1 телевизийн “Хүүхэлдэйн киноны ертөнцөөр” нэвтрүүлгийг найзтайгаа хамт мөн адил зургаан сар гаруй хөтөлсөн. Одоо МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн буланг нь хөтөлж байгаа.Ер бол бага ангид байхдаа хичээлээсээ хоцордог байсан. Одоо бол нөхөөд сурчихсан. Манай сургуулийн амралт зургадугаар сарын 7-ноос эхэлсэн. Улсын шалгалтаа онц өгсөндөө баяртай байгаа /инээв./

-Ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?

-Ирэх намар тавдугаар ангид элсэн суралцана. Би Математик, Монгол хэл, Хүн байгаль гээд ер нь бол бүхий л хичээлүүддээ дуртай.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

– Яг үнэндээ эмч болох хүсэлтэй. Гэхдээ жүжигчний мэргэжил ч гэсэн таалагддаг. Ер нь бол миний мөрөөдлүүд өөрчлөгдөөд байгаа. Яг ямар мэргэжилтэй болох эсэхээ сайн мэдэхгүй л байна. Одоохондоо жүжигчин болно гэж бодож байгаа. Хэрвээ би жүжигчин мэргэжилтэй болбол Холливудад гарч, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсч байна.

-Мичидмаа маань кинонд тоглохоос гадна загвар өмсдөг биз дээ.

-Тиймээ 2015 онд буюу таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээнд оролцож Тэргүүн миссийн мөнгөн титэм хүртсэн юм. Тэр тэмцээнд түрүүлснээр “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд орох эрх авсан. Ингээд насныхаа ангилалд эх орноо төлөөлөн оролцож үеийнхээ охидтой өрсөлдөж “Дэлхийн бяцхан мисс” –ийн Тэргүүн миссийн титмийн эзэн болсон.

-Ингэхэд миний дүү нийт хэчнээн гоёлын даашинзтай вэ?

– “Ocouture-1”, “Mongolgoo kids-1”, “Minoti-2” брэндийн даашинз, “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд өмссөн гурван даашинзтай. Ер нь бол нийтдээ долоон гоёлын даашинзтай.

-Загвар өмсөж, жүжиглэхээс гадна ямар авьяастай вэ?

-Жүжиглэхээс гадна дуулж эхэлж байгаа. Саяхан хоёр дуу бичүүлсэн. Нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зургадугаар сарын 1, 2-нд тоглогдсон “Үлгэрийн баатар гайхамшгийн оронд” жүжгийн дуу, хоёр дахь дуу бол Э.Золзаяа ахын зохиосон “Саme boy” дуу.

-Чи үеийнхээ найз нөхөд рүүгээ  чиглэсэн нийгмийн үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ?

-Би үе тэнгийн найзуудаа чиглэсэн үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг. Ээж, эгч хоёртойгоо хамт 17 дугаар сургуулийн зорилтод бүлгийн 20 хүүхдэд тусалсан. Мөн хүүхдийн баяраар Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 60 гаруй хүүхэд багачуудад хүүхэд баярын бэлэг өгч баярлуулсан. Энэ жилийн хүүхдийн баяраар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “Тусч хүүхэд” шагналыг хүртсэн. Энэхүү шагналыг үе тэнгийн найзуудаа баярлуулсны үр дүнд хүртсэн гэж бодож байна. Ер нь бол цааш цаашдаа сайн үйлсийн аян зохион байгуулж үе тэнгийн олон найзуудаа баярлуулах ыг зорьдог.

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …