Шар тос ой тогтоолтыг сайжруулж, тамир тэнхээг тэтгэдэг

Шар тос нь шүтэх бие, шүтэгч сэтгэл, амьдруулагч нас гурвууланд тустай учраас тосны дээд нь гэж үздэг. Шар тос нь амтлаг амттай бөгөөд шингэсний дараа амтлаг чадал нь хүнд, бүлээн чадалтай байна. Шимийн тосыг хайлуулж хөөс, цөвийг нь гаргасан шар тос нь оюун ухааныг хурцалж, ой тогтоолтыг сайжруулж, нүдний харааг тогтворжуулж, дотор галын илчийг бадрааж,ходоодыг тэтгэж өгдөг. Ингэснээр хоолны шингээлтийг сайжруулж, биеийн өнгө зүсийг тэтгэн, тослогжуулж, тамир тэнхээг хурдан хугацаанд төлжүүлж, хүчийг нэмэгдүүлдэг. Мөн өтгөн хаталтаас сэргийлнэ. Хөгшдийг чийрэгжүүлж 100 наслуулах чадалтай гэдэг. Хийн өвчний үед шар тосыг хэрэглэх нь сайн.

Шар тосыг дотроос ууж хэрэглэхээс гадна хийн өвчин болон нойргүйдэх өвчний үед бүтэн биеийн зөөлөн бариа, дөрвөн толион зөөлөн иллэг хийж өгснөөр хийг дарж нойргүйдэхийг анагаах ач тустай. Өвлийн улиралд өглөө өлөн дээрээ нэг халбага шар тос уух нь үр дүнтэй. Мөн толгойн өвдөлтийн үед шар тосыг түрхэж зөөлөн бариа хийж өгснөөр өвдөлт намдахаас гадна үсийг торгон зөөлөн намирсан болгох чадалтай. Нүүрэнд түрхэж, хамар чихэнд бага зэрэг дусаан хэрэглэснээр чих шуугих, хамар битүүрэх, хуурайших зэрэг өвчнүүдээс ангирч чадна.

Бяцхан үрсийнхээ дархлааг дэмжихэд шар тос ихээхэн тус болно. Хүүхдээ усанд оруулсны дараа шар тосоор зөөлөн бариа хийж өгвөл дархлаа сайжирч, хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн шөнө ханиалгаад унтаж чадахгүй байх үед нуруунд нь шар тосоор иллэг хийж өгвөл ханиалга дарагдах болно. Аливаа зүйл хэдий тустай ч хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Шар тосыг хэтрүүлэн хэрэглэвэл хоолны дуршилгүй болох, тосоор гүйлгэх эрсдэлтэй.

Мөн эс шингэх өвчин, хоолны шингэлт муудсан үед, суулгах, хэрэх, тулай дур булгих, бадганы хувь их бөөлжих, ундаасах зэрэг өвчнүүдийн үед ямар ч тослог зүйл идэхийг хориглоно. Дашрамд дурдахад шар тос нь өвөл хэрэглэхэд тохиромжтой бөгөөд насыг уртасгах, хоолны шингээлт, оюун ухааныг сайжруулах ач холбогдолтой бол үрийн тосыг зуны улиралд хий арвидсан өвчний үед хэрэглэдэг. Харин хаврын улиралд чөмөгний тос, өөхөн тосыг ядарч сульдсан, яс үес өвдөх, хэвлий, умайгаар өвдөх, тархи, чих өвдөх үед хэрэглэнэ.

Оточ Манрамба Их Сургуулийн багш, УАУ-ын их эмч Б. Болорчимэг

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.