Нийслэлийг оролдох шалтгаан буюу МАНАН бүлэглэлийн “бульхай илчлэгдэв”

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” гэж зүгээр л хэн нэгний хэл нь хальтраад хэлчихээгүй бололтой. Тэр үнэхээр л цаг хугацаа, засаг төрийн нөхцөл байдлаас үл хамааран хэзээд улсын эзэн мэт аашилдаг байж. Улсынхаа нийслэлийн төв талбайд 2.5 га газар эзэмшдэг, Сүхбаатарын талбайг тойрсон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт гудамжуудыг бүгдийг нь өөрийн мэдлийн Улаанбаатар хотын банк, “Улаанбаатар капитал ББСБ” компанийн нэр дээр хуваагаад авчихсан, дээрээс нь “Хөрөнгийн бирж”-ийн өмнөх нийтийн эзэмшлийн талбай буюу автомашин явдаг замыг хүртэл хувьдаа эзэмшээд авчихсан байгаа хүнийг өөрөөр юу ч гэж нэрлэлтэй билээ.

 Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг 2006 онд “UB construction” ХХК-д олгох захирамж гарснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн тэдэнд хуулийн дагуу хариуцлага тооцох нь байтугай, олон түмнээс тас нууж ирсэн үе үеийн хотын мээрүүдийн зүрхэнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шар ус хуруулсан бололтой. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг “UB construction” ХХК-д олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн өмчид авах хүртэл иргэд энэ тухай огт мэдээгүй байлаа. Тиймээс хотын даргын зоримог шийдвэрийг олон нийт талархан хүлээж авсан.

 

Харин саяхан хотын Захирагч Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргав.

“Нийслэлийн төв гудамжинд автомашин явах зориулалтын замыг нэг компани өмчлөөд, хувьчлаад авчихдаг асуудал хаана ч байж болохгүй” гэсэн Засаг даргын үг болоод үйлдэл “улсын эзэн”, түүний халамж, нөмөрт хоргоддог улстөрчдөд ямар санагдах нь ойлгомжтой. Улмаар “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын урдах талбай гээд нийтийн эзэмшлийн олон газар “Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгоод, Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглуулна гэж “адарсан” нь цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт жихүүдэс төрүүлсэн биз. Нийслэлийн улс төрийг дахин бужигнаад, хотын ажил урагшлахгүй байгаа мэтээр харагдуулах нь хэнд ашигтай байж болох вэ.

“Эзэн” Д.Эрдэнэбилэгийн ард МАНАН байдаг нь сүүлийн үед нийслэлийн улс төрийн амьдралд өрнөж буй дүр зургаас харахад улам бүр ойлгомжтой болж эхлэв. “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх болон УДЭТ-ын урдах талбай зэрэг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн газрыг АН нийслэл хотыг удирдаж байхдаа зөвшөөрөл олгосон, МАН-ынхан дараа нь газар эзэмших эрхийг нь 15 жилээр сунгасныг хэвлэлүүд саяхан олон нийтэд ил болгосон. “Би хотын даргын ажлаа өгөхөд газрын зөвшөөрөл, газрын гэрчилгээн дээр гарын үсгээ огт зураагүй, нэр цэвэр нийслэлийн Засаг дарга байх болно” гэж мэдэгддэг байсан хотын дарга хүртэл хэд хэдэн сунгалтын албан бичиг дээр гарын үсгээ мутарласныг бид бэлээхэн харлаа.

Өнгөрсөн хугацаанд МАНАН бүлэглэл “Эзэн”-ий тусламж дэмжлэгтэйгээр хотод ямар ямар хууль зөрчсөн үйлдлүүд хийж байсан нь бөөрнөөсөө “улайж” илчлэгдэх дөхөхөөр С.Эрдэнэ “ван” хүртэл “хошуу нутгийн” ахан дүүсээ хотын Захирагчийн эсрэг хөдөлгөж эхэлжээ. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгийн гэнэтийн мэдэгдэл ярилцлага, хэвлэлийн хурал угтаа үнэхээр нийслэлчүүдийн сайн сайхны төлөө сэтгэл чилээсэндээ юу, эсвэл өөр зорилготой юу гэдгийг мэдэхэд ядах юмгүй байна.

Хэтэвч нэгтэй улстөрчид байж ядсандаа С.Амарсайханы амыг хамхихын тулд элдэв бусын аргаар дайрч эхэлсний тод илрэл нь сүүлийн үед нийслэлийн Засаг даргын орлогч нар болоод түүний багийнхны хийж буй ажлыг зориуд харлуулах гэсэн явуургүй, башир арга хэрэглэх болсон явдал аж. Улайм цайм “Энийг хар даа, нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нийслэлд буцаагаад авчихлаа шүү” гэж бархиралтай нь биш, алсуур чулуу хөөлгөх замаар хотын Захирагчийн замд хөндөлсөж, зогсоохыг хүссэн бололтой. Гэвч иргэд, олон нийт харалган биш учраас аль нь үнэхээр ажил хийх гээд зүтгэж байгааг, аль нь зүгээр суугаад аахилж буйг ялгахтайгаа.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Зочин says

    Амарсайхан та монгол төрд зүтгэнэ шүү. Таны улс төрийн, тэгэхдээ монгол төрд хэрэгтэй цаг иржээ… Амжилт хүсье!

Comments are closed.