ЭЕШ-ыг технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт”-ыг хийж байна

Монгол Улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 өнөөдөр Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд 18,130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа юм байна.

ЭЕШ-ын хувьд орон нутагт 21, нийслэлд 11 буюу нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт” зохион байгуулан ажиллаж буй нь онцлог болж байна.

Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог /100 оноо/  шалгуулагчийн бүртгэлийн дугаараар нь шууд дэлгэцэнд харуулж байгаа юм.  Ийнхүү шалгуулагч өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар орон бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо /200-800 оноо/ мэдэх  боломжтой.

ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Шалгуулагчид шалгалт өгөх газраа нэг цагийн өмнө ирчихсэн байх шаардлагатай. Жил болгон шалгалтаас хоцрох үзэгдэл их гардаг ба хоцорсон тохиолдолд шалгалтыг дахин авахгүй. Энэ жил засагч машин нэрвүүлсэнтэй холбоотойгоор анги танхим уруу шалгуулагчийг бичиж тэмдэглэх зүйлгүйгээр оруулж, цаанаас нь харандаа, баллуур, үзүүрлэгчийг нь өгч байна.Улсын хэмжээнд энэ жил шалгуулагчдын тоо цөөхөн байна.

Улсын хэмжээнд 32 шалгалтын төв байна. Шалгалтын төв болгон дээр хоёр “засагч машин” буюу нийт 64 машиныг ажиллуулж байгаа. Засагч машины тохиргоо хичээл болгон дээр өөр байгаа төдийгүй машин дээр ажиллах мэргэжилтнүүдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш бэлдсэн. Сая шалгуулагчид 100 онооноос хэдэн оноо авснаа харлаа. Засагч машинууд дээр давхар хяналтын бичлэг хийгдэж байгаа бөгөөд интернетэд холбогдоогүй гэдгийг хэлмээр байна. Тиймд хөндлөнгийн нөлөөлөл, хардлага байхгүй. Хүүхдүүд өөрсдийн нүдээр харж буй учраас илүү баталгаатай.

Манай улсын хувьд энэ төрлийн технологийг нэвтрүүлэхэд хүн ам цөөн учраас давуу тал болж байна. Ер нь машин уншсан оноо зөрөх тохиолдол өнгөрсөн 14 жилийн түүхэн хугацаанд гарч байгаагүй. Мөн энэ жил шууд засалттай холбоотойгоор шалгалтын сэдвийг шалгуулагчдад өгч гаргахгүй байгаа. Бид тухайн хичээлийн шалгалт явагдаад дууссаны дараа 32 төвөөсөө оноонуудыг авч нэгтгэн, улсын дунджаас хамаарч хүүхдүүдийн авсан шалгалтын оноог 200-800 оноонд шилжүүлж, 24 цагийн дотор интернетэд байршуулна.

Нэмж хэлэхэд ЭЕШ нь уралдаант шалгалт учир хүндрүүлсэн ажлууд ирдэг. Ингэснээр хүүхдүүдийн онооны дундаж бага гардаг юм. Харин энэ байдлыг сургалтын чанар муу байна гэж холбож ярих нь зохимжгүй гэдгийг анхааруулж байна” гэв.

ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулна. Харин шалгуулагчийн ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны зургаадугаар сарын 24-ны өдрөөс тарааж эхлэх ба ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламжийн хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

  • Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас
  • Орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс
  • Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс  батламж хуудсаа тус тус авна.​

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …