Жүжигчин Г. Амгаланбаатар Ю. Цэдэнбал агсны идэр насны дүрийг бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ.

“Түүх мартахгүй” киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг гурван уран бүтээлч бүтээх юм.

 

Тэгвэл кинонд бүтээх дүрийг сонгох сонгон шалгаруулалт явагдаж их удирдагч Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулахаар болжээ.

Харин их удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.

Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг  киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж байгаа бол киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор,түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Киноны зураг авалтын үндсэн ажил энэ сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …