С. Сарнай: Баззер дарах бүрдээ ямар од таарах бол гээд айдас, хүйдэстэй байна шүү

“Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн оролцогч С.Сарнайтай ярилцлаа. Тэрбээр шоуны зургаа дахь дугаарын ялагчаар шалгарсан юм. Тэрээр ялагчийн шагналаа гардан авахдаа “Өнөөдөр охин минь миний тоглолтыг үзэхээр ирсэн. Охиныгоо ирсэн өдөр түрүүлсэндээ баяртай байна. Магадгүй охин минь аз авчирсан байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Зургаа дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе. Их амаргүй даваа байсан болов уу. Хоёр дараалаад эсрэг хүйстэн тэр тусмаа репперүүд таарлаа шүү дээ?

Баярлалаа. Хүндхэн давааны ард гарсандаа баяртай байна. Эрэгтэй хүний дүр бүтээх, тэр тусмаа хурдан үглэдэг Snoop Dog болох амаргүй юм билээ. Би өмнөх дугаарт Лил Памп болон хамгийн сүүлд орчихсон. Тэгээд энэ удаад ч бас ялагдах байх гэж бодогдсон шүү. Харин үзүүлбэрээ үзүүлэх болоход манайхан “Чи туранхай, өндөр болохоор түүнтэй яг л адилхан боллоо. Тэгээд ч масктай юм чинь гайгүй” гэж урамшуулсан. Энэ дугаарт тайзан дээр гараад юу хийснээ бараг санахгүй байгаа. Сандраад л. Дахиад шүүгчдээс 4 оноо авчих вий дээ гэж айсан ч бүгд мундаг байлаа гээд гоё байсан.

 

-“Яг түүн шиг” шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа шүү дээ. Мэдээж өмнөх 10 дугаарын туршид оролцсон туршлага байсан тань энэ улиралд оролцоход илүү дөхөм болсон уу?

-Тийм шүү. Энэ улиралд орох саналыг “Боловсрол” телевизийнхэн тавихад би юу гэж үгүй гэх вэ дээ. Шоу гоё юм чинь гурван жилийн өмнөх дурсамжаа бодоод орсон. Гэхдээ би эхэндээ айж байсан. За би ганцаараа мэргэжлийн дуучин, жүжигчин биш учраас нэрээ баастахгүй шүү, модель ч гэсэн юугаараа дутдаг юм гээд л зоригжсон. Хоёр хүүхэд маань том болсон учраас дугаар бүрд нөхөр ирж дэмжин тайзан дээр гарахын өмнө хамт байж зоригжуулж байгаа.

-Шүүгчээр ажиллаж байгаа жүжигчин О.Энхтуул өөрийг тань эрэгтэйлэг бүдүүн хоолойтой хэдий ч ямар ч дүрийн ард төвөггүйхэн давж гарч байгааг тань магтаж байсан?

-Миний хувьд бүдүүн хоолойг нарийхан болгож дуулахад амархан байдаг шиг санагддаг. Хоолойны хөг нь цаагуураа биш арай наагуураа дуугарахад нарийн болдог ч зарим дүрийг гаргах хэцүү шүү.

Энэ улирлын баззерууд өөрт тань хэр таалагдаж байгаа вэ?

-Гоё байгаа. Би өөрийгөө илүү сорьсон, өмнөх дугааруудаас тэс ондоо дүрүүдтэй таарсан. Гэхдээ л хэцүү ч дүр байна, гайгүй өнгөрчихлөө шүү гэсэн дүрүүд ч байна.

-Хамтран оролцож байгаа оролцогчдынхоо талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Хүмүүс биднийг ширүүхэн өрсөлдөгч нар гэж боддог ч бид хоорондоо хөгжилдөн нэг нэгнээ хараад баярладаг дотны найзууд. Эхний дугаараас л нөгөө мундгууд чинь яг л адилхан харагдаад хэн нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй аргагүй байсан. Би оролцогчийн гурван оноогоо бусдадаа өгөхдөө энэ надаас илүү гарчихлаа гэж хэзээ ч бодож байгаагүй. Яг тэр дугаарт өөртөө таалагдсан оролцогчдодоо л оноогоо өгдөг. Гэтэл хүмүүс нэгнийгээ дарж оноогоо өгдөг гэж ярьдаг юм билээ.

-Шоуны арын албаныхан хэрхэн ажиллаж байна?

-“Боловсрол” телевизийн 200 хүний бүрэлдэхүүнтэй том баг энэ шоунд ажилладаг болохоор бидэнд маш амар байдаг. Дэлгэцээр гарч байгаа бид байгаа болохоос тайзны ард ажилладаг олон хүний хүч хөдөлмөрөөр шоу амилдаг. Нэвтрүүлгийн дундуур “Тайзны ард” гээд шоуны оролцогчдыг оролцуулан хийж байгаа нэвтрүүлгийг эсрэгээр нь арын албанд ажиллаж байгаа уран бүтээлчдийг ингэж ажилладаг гээд гаргаасай гэж боддог. Оросын нүүр хувиргалтыг багийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд үнэхээрийн мундаг нүүр хувиргалт хийдэг. Намайг Крис Норманы дүрд хувиргахад том давхраа наан нүдийг томруулаад, хамар өндөрлөж яг л түүн шиг болгосон.Нүүр хувиргалтад ашиглаж байгаа маск барихад яг хүний арьс шиг мэдрэмж төрүүлдэг. Үзүүлбэрийн дараа маскаа авахад нэлээдгүй хөлөрсөн байдаг ч тэр нь үзүүлбэрээ үзүүлж байхад огт мэдэгддэггүй гээд гайхалтай шүү.

-Өөрийн тань хувьд нүүр хувиргалтаа хийгээд толинд харахад хамгийн гайхалтай байсан дүр аль нь вэ?

-Нүүр хувиргалт хийлгэн өдөржин тэр дүр төрхтэйгөө явж байгаад орой маскаа авахад өөрийнхөө нүүр царайг мартчихсан байдаг (инээв) Энэ дугаарт Snoop Dogg болон өдөржин явж байгаад орой маскаа аван “Хөөх би ийм цагаан билүү” гэж бодсон. Крис Норман болоход давхраа наасны дараа би ер нь давхраагаа томсгоно оо гэж бодож байсан. Харин үзүүлбэрийн дараа хиймэл том хамраа авсан нөгөө хүсээд байсан том давхраа нь өөрийн жижиг нүүрэн дээр зохихгүй баахан уйлсан юм шиг л царайтай болсон доо. Тэр том давхраа чинь том хамар дээрээ л зохидог юм билээ.

-Шоуны туршид нүүр хувиргалтад орж байгаа болохоор магадгүй дүр төрхөө өөрчилбөл ямар байж болохыг харж байгаа байх нь ээ?

-Тийм шүү. Халиунааг Рианна болоход “Чи үсээ ингэж янзлаач” гээд л бид бараг өөрсдийнхөө юуг өөрчилбөл зүгээр гэдгийг тэндээс олж харж байгаа гэж хэлж болно.

-Баззер дарах агшинд юу бодогддог бол?

-Энэ шоунд ороод хар, цагаан, хөгшин, залуу гээд бараг л болж үзэхсэн гэж бодох дүргүй болтлоо хувирч үзлээ. Гэхдээ баззер дарах бүрдээ ямар од таарах бол гээд байнгын л айдас, хүйдэстэй байна шүү.

-Энэ улирлын шоуны тайз том болж өөрчлөгдсөн нь оролцогчдод хэрхэн нөлөөлж байна?

-Маш гоё. Алхаж, гүйх, үзүүлбэрээ үзүүлэхэд хүртэл далайцтай илүү том байгаа учраас үнэхээр таалагдаж байгаа. Шоуныхаа давталтыг зурагтаар үзэхдээ “Ингэж гоё харагдаж байсан юм уу” гээд л. Тайзнаа үзүүлбэрээ үзүүлэхэд бидэнд шал, тайзны гэрэл бүдэг харагддаг ч зурагтаар арын гэрэл, тайз яг л гаднын томоохон шоутай эн дүйцэхүйц харагдан манайхан шоуг гоё хийдэг болжээ гэж бахархаж байгаа.

http://eagle.mn/r/60370

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …