Х.Бадамсүрэн: Би үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.


Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгээс асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын цалин, болон нийгмийн хангамжийн талаар мэдээлэл өгнө үү. Зайсанд маш өндөр үнэтэй хаус худалдаж авсан тухай мэдээлэл гарсан. Стандарт банкинд 100 гаруй сая ам.долларын өрөнд орсныг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас төлж барагдуулснаа ихэд гавьяа байгуулсан мэтээр ярьж байгаа. Гэтэл нөгөө талд анх өр тавьж гувчуулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг яаж авах юм бэ. Хууль хяналтын байгууллагын хариуцах ажил гээд асуудлыг хаях юм уу ? гэж асуув.

Харин гишүүний асуусан асуултад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х. Бадамсүрэн ийнхүү хариулав.

Тэрбээр” “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Байр байшин, хаус худалдаж авсан асуудал байхгүй. Би үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг. Цалин хөлсний тухайд надад гурван сая төгрөгийн цалин өгч байгаа. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хүмүүсийн Орос, Монгол нь ялгаагүй, мөн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан хүмүүст 4-5 өрөө байрыг үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнтэй холбогдуулж Улаанбаатарт олгож байсан юм билээ. Орос захирлуудын тухайд Москвад байр олгож байсан.

Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал намайг очихоос өмнө нэлээд дуулиантай яригдаж байсан. Өнгөрөгч гуравдугаар сард “Эрдэнэт” үйлдвэр 100 хувийн ТӨҮГ болж, мөн Онцгой дэглэм тогтоож, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг тасдаж барьцаалсан асуудал байхгүй юм билээ. Харин “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэдгээр Жаст компани зээл авсан гэдэг. Тухайн үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь “Бид баталгаа гаргаж өгөөгүй, бидний гарын үсгийг дуурайлгасан” гэдэг. Энэ асуудал одоогоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа ч олон улсын арбитрын шүүх “Эрдэнэт” үйлдвэрт хамаатуулж 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гээд энэ асуудал 2013 оноос хойш яригдсан. Үүний хүү, төлбөр нь нэмэгдээд үндсэндээ оны эхэн гэхэд 115 сая ам.доллар болсныг бид хэлэлцээ хийж нэлээд ажилласны үр дүнд 40 сая ам.доллараар бүх асуудлыг хаасан. “Эрдэнэт” үйлдвэрээс төлсөн 40 сая ам.долларыг гэмт буруутай этгээдээс төлүүлэх ажлын хэсэг болон хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа” гэлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.