Б. Чингүүн: “Дэжа вү” киногоороо гэр бүл хүний амьдралд ямар чухал гэдгийг харуулахыг зорьсон

 

Бүтэн өнчин өссөн Т.Солонго охин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд нарийн мэргэжлээр сурдаг. Түүнийг ухаан орох цагаас эхлэн хажууд нь нэгэн гэр бүлийн зураг байдаг байлаа. Нэгэн өдөр анагаахын багш нь “Урикадо” хэмээх амьтан дээр туршилт хийх зориулалттай бүтээсэн тусгай шингэн танилцуулан хулган дээр туршилт хийж, тэрхүү хулганыг үхүүлээд буцаан амь оруулна. Т.Солонго охин тэрхүү туршилтаас санаа аван хоёр сайн найзтайгаа хамтран өөрийгөө үхүүлэхээр шийднэ. Ийнхүү Т. Солонго түр зуурын клиник үхэлд орсноор бүх үйл явдал эхэлнэ.


Энэ бол “MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES” –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu- Дэжа вү” уран сайхны кино юм. Тус киноны нээлт өнгөрсөн Баасан гаригт “Тэнгис” кино театр боллоо.

Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичсэн ба хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”- ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дэлгэцнээ буулгажээ.

Уран зөгнөлт, адал явдалт “Deju vu- Дэжа вү” кино нь өвөрмөц зураг авалт, дуу шууны гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, Монголын кино урлагт хувьсал хийх цоо шинэ мэдрэмжийг мэдрүүлж чадлаа.

Тус киноны уран бүтээлчид ирэх намар Хятад болон Хонг Конг улсад киноны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Энэ талаар киноны продюсер Колин Лао “Монгол киног Хятад, Хонг Конг зэрэг улсуудад гаргахын тулд хэлний асуудал чухал. Тиймээс бид киноны орчуулгаа сайн хийж  Монголын “Deju vu- Дэжа вү” киног Хятад, Хонг Конг, Өмнөд Солонгос улсуудад гаргах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярилаа.

“Deju vu- Дэжа вү” киноны гол дүрд кино уран бүтээлчдийн дунд “гэрлийн бурхад” хэмээн алдаршсан багш шавь хоёр болох Ш.Батбаяр Э.Батнямбуу нар тогложээ. Мөн дуучин, жүжигчин М.Золжаргал, авьяаслаг бяцхан жүжигчин Ц.Мичидмаа, Э.Энхсарнай, Н.Нархажид, Б.Хунцэнгүүн, О.Самданпүрэв, нарын уран бүтээлчид тоглосон байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.

“Deju vu- Дэжа вү” уран сайхны киноны найруулагч, зохиолч Б. Чингүүн: Киногоороо үзэгчдэд хүргэх гол санаа гэвэл гэр бүл хүний амьдрал ямар чухал болох, хувь тавилангийн зураг гэж юу болох утга санааг өгүүлэхийг зорьсон. “Deju vu- Дэжа вү” гэдэг нь “Өмнө нь болж байсан, харж байсан” гэсэн утгатай Франц үг . Энэ үгнээс санаа авч тус уран бүтээлийг бүтээлээ.

Эгшиглэн охины дүрд тоглосон Ц. Мичидмаа: Би “Deju vu- Дэжа вү” кинонд Төмөр гэдэг шүүгчийн том охин Эгшиглэний дүрийг бүтээсэн. Гэрт нь ирсэн алуурчнаас ээж, охин дүүтэйгээ зугтаж байгаа дүр. Энэ дүрд тоглох хэцүү байсан. Яагаад  гэвэл гадаа хүйтэнд нимгэн хувцастай уйлаад гүйдэг хэсэг байдаг. Энэ хэсэгт би жинхэнээсээ уйлсан. Одоо ингээд бодоход хүнд зураг авалтыг даваад өнөөдөр киногоо үзэх гээд хүрэлцэн ирсэндээ баяртай байна.

Г.Нараа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.