Д.Лүндээжанцан: 3.2 сая иргэн, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсрууллаа

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр  (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ. 

  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэж буй эсэх, санал бүр хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсны үндсэн дээр төслийг боловсруулсан байна. 

Улсын төсвийг Засгийн газар өргөн мэдүүлдэг, түүнийг нь хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүд ихээхэн өөрчилж, шинэ төрлийн зардлууд нэмсээр орлогоосоо давсан зарлагатайгаар баталдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүдийн төрөл бүрийн зардал нэмсээр баталсан төсвийг хэрэгжүүлэх төсөв байхгүйгээс хэрэгжилт хангагддаггүй. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэнчлэн орлого, зарлага нь нийцсэн эрүүл төсөв батлах бололцоо хангагдаж, төсвийн алдагдалгүй байх нөхцөл бүрдэх юм байна. Сонгуулиар байгуулагддаг Улсын Их Хурал, Засгийн газар, эрх баригч хүчин төрийн санхүү буюу иргэд, татвар төлөгчдийн мөнгийг, төсвийн хяналтыг хараандаа байлгах ёсгүй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулжээ. Ингэснээр цөөнх хяналтын түр хороог санаачлан байгуулах боломж нээгдэх болно.Мөн Улсын Их Хурлын хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрхийг хангах үүднээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах, эрх, үүргийг нь нарийн зохицуулахаар төсөлд тусгасан байна. 

    Мөн улс орны хөгжлийг хөтлөх Засгийн газар нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой, тэр нь залгамж чанартай, тогтвортой ажиллаж гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүх шатанд хариуцлага сайжруулах асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан талаараа Д.Лүндээжанцан гишүүн дэлгэрэнгүй мэдээлэв.

Тухайлбал, Ерөнхий сайдын бие даасан, тогтвортой байдлыг нь хангахаар танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцож, чөлөөлөж, огцруулах эрхтэй байхаар өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ.

Ерөнхий сайдыг Улсын Их Хурлаас томилох бөгөөд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн танхимаа бүрдүүлж, Улсын Их Хуралд танилцуудаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн тайлбарлав. Энэ мэт тодорхой асуудлууд дээр Улсын Их Хурлын эрх мэдлийг хумиж, Монгол Улсын хөгжүүлэх эрх, бололцоог Ерөнхий сайд нарт олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдаг байдлыг халж, хэрэв Ерөнхий сайдыг огцруулах санал оруулах бол хамтад нь шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг өргөн мэдүүлэдг байх, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн олон жилийн турш огт ашиглаж байгаагүй Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх асуудлыг механизмын хувьд хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд багтаажээ. Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг оруулвал Улсын Их Хурал нийт гишүүдийнхээ олонхын саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын 39 гишүүн дэмжлэг хүлээлгэхгүй хэмээн шийдвэрлэсэн тохиолдолд Ерөнхий сайд огцрох, дэмжлэг хүлээлгэвэл Ерөнхий сайдын оруулж ирсэн бодлогын тодорхой асуудал, улсын төсөв батлагдаж байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна. Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй хэмээн шийдвэрлэж огцруулсан тохиолдолд 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилно, эс бол Улсын Их Хурал тарах хяналт тэнцвэрийн механизмыг төсөлд тусгасан байна. Одоогийн хуулийн зохицуулалтаар Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэх боломжтой байдаг. Үүнээс үүдэн 7 удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулахад 14-15 Засгийн газар байгуулагдаж байсан, 1 парламентын хугацаанд 4 Засгийн газар байгуулагдаж байсан тохиолдол ч бий, Засгийн газрын үйл ажиллагаа явуулж ирсэн дундаж хугацаа 1.5 жил байгаа зэрэг асуудлыг бүрэн зогсоож, тогтвортой засаглалыг бэхжүүлэхэд онцгой анхаарсан болохыг С.Бямбацогт гишүүн хэллээ. 

 Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг  ард түмэн сонгох зохицуулалт хэвээр үлдэх бөгөөд нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх,  сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын иргэн байх ёстой бөгөөд Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа сонгодог байх аж.

    Мэдээллийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Улс орнууд хөгжлөөрөө уралдаж, хол тасарч байхад бид хэдий болтол дороо хий эргэж, гацсаар байх вэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж, хэрэгжүүлснээр төрийн аливаа үйл ажиллагаанд тулгараад буй гацаанууд арилж, Монгол Улс урагшаа хөгжиж, иргэдийн аж амьдрал дээшлэн, эрх мэдлийн зөв тэнцвэр, хуваарилалтын үр дүнд хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдах нөхцөл бүрдэнэ гэдэг үзэл баримтлалтайгаар бид төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар олон жилийн турш, хэд хэдэн парламент дамжин яригдаж байв. Маш олон санал гарсан, сүүлийн хоёр жилд олон тооны судалгаанууд хийж, ард түмний санаа бодлыг байнга сонсож, нэгтгэж байсны дүнд төслүүдийг боловсруулан ийнхүү зуны дунд сарын шиний 3-ны өдөр өргөн мэдүүлээд байгааг Та бүхэнд дуулгаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …