Д.Цогтбаатар: Сингапур улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна 

Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгааг тэмдэглээд харилцан айлчлалын давтамжийг цаашид хадгалж, ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Сайд Вивиан Балакришнан Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Улс төрийн найрсаг харилцаа бэхжиж, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн тул цаашид бизнес, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх цаг болсныг талууд тэмдэглээд энэ хүрээнд 7-ны өдөр болох “Монгол, Сингапурын бизнесийн яриа хэлэлцээ” чухал ач холбогдолтой болохыг онцлов. Сайд Д.Цогтбаатар Сингапур Улс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Манай төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг түгээхэд сингапурын тал дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар мөн өдөр 100 сая үзэгчидтэй “Channel News Asia” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцож, Монгол, Сингапурын харилцаа болон Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлага өгөв. Тэрээр мөн Сингапур Улсын Үндэсний Судалгааны санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус сан нь Сингапурын судалгаа, инновацид суурилсан хөгжлийн бодлого, стратегид хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлдэг байгууллага бөгөөд Сингапур улсын өнөөгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэж буй тус сангийн удирдлагыг Монгол Улсад урьж, манай улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахыг манай талаас санал болгов.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …