ХОТ-ын хөгжил  иргэд та бидний оролцооноос эхтэй

ХОТ гэдэг гурван  үсгээс бүтсэн энэ үг хүн ам төвлөрсөн суурийн иргэншлийн төвийг нэрлэсэн ойлголт билээ.  Та бид хотын иргэн, хотын хөгжил, хотын асуудал гэх зэргээр ярьж хэлж заншсан.

Улаанбаатар хотын хувьд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү буюу 1.6 сая гаруй хүн суурьсан, тэр хэрээрээ олон асуудал дагуулсан, дэлхийн хэмжээний метрополис хотуудын нэг болжээ.

Агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн чанар хүртээмж, ажилгүйдэл, ядуурал гээд хөгжиж буй улс орны хотуудад тулгардаг бэрхшээлүүд Улаанбаатар хотод мөн адил тулгараад байгаа. Хэдийгээр үе үеийн Засгийн газар, Хотын захиргааны зүгээс хотын тулгамдсан  эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж ирсэн ч  мэдэгдэхүйц хэмжээний үр дүнд хараахан хүрч чадаагүй хэвээр байна.

Хотын бодлогыг тодорхойлохын тулд олон зүйлийг судлах, тооцох, төлөвлөх ёстой болдог. Энэ бүхнийг ХОТ захирагч С.Амарсайхан  Х.О.Т буюу ХҮН, ОРЧИН, ТӨЛӨВЛӨЛТ гэсэн гурван ойлголтод багтаан илэрхийлсэн байна.

Аливаа төр захиргааны бодлого хамгийн түрүүнд ХҮН рүүгээ, ИРГЭД рүүгээ чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл иргэд, оршин суугчид нь эрхэлсэн ажилтай, орлоготой байх нь хотын хөгжлийн тулах цэг болно гэсэн үг. Төр захиргааны байгууллага ажлын байрыг бий болгодоггүй, гагцхүү хувийн хэвшлийнхэн л ажлын байрыг болгодог гэдгийг бид мартах учиргүй. Тиймээс нийслэлийн удирдлагын зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, компаниудыг дэмжин ажиллаж, тэдэнд шударгаар өрсөлдөх, авлига, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүртэх  боломжийг бий болгохыг анхааран ажиллахаа Хотын даргын зүгээс илэрхийлжээ.

Ийм нөхцлийг бүрдүүлснээр хувийн хэвшлийнхэн эрүүл өрсөлдөөнд дунд өсөн бойжиж, тэр хэрээр  орлого ашгаа нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох нөхцөл бүрдэнэ.

Мөн төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлага алдсан төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага ооногдуулах, бүх төрлийн тендерийн үйл ажилллагааг олон нийтэд нээлттэй явуулах,  элдэв зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ гаргах хугацааг богино болгох зэрэг ажлыг хэрэгжүүлэх нь чухал юм.

Улаанбаатар хотын залуусын нийслэл гэдэг. Хүүхэд залуус руу чиглэсэн цогц бодлого гаргаж, тэднийг  архи тамхи зэрэг элдэв буруу зуршил, хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрыг барих зэрэг ажлыг ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГЫН хүрээнд хэрэгжүүлэхээр тооцжээ. Хотын хөгжил иргэд та бидний соёл, ухамсар, хөдөлмөрөөс эхтэй.

Хотын бодлогын хэмжээнд яригдах ёстой чухал ойлголтын нэг бол ОРЧИНЫ тухай асуудал юм. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэд, оршин суугчдын ая тухтай амьдрах орчиныг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдол,  авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарна гэдгээ энд илэрхийлжээ.

Их хотын иргэдэд амьдрах орчин нь аюул занал үүсгэх учиргүй. Барилгын төмөр, шалбарсан утас, газардсан цахилгаан, сөртийсөн төмөр хэн нэгэн иргэний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах ёсгүй.

Мод тарих, цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амрах зугаалах газрын ая тухыг бүрдүүлэх олон төрлийн ач холбогдолтой. Туул гол дагуу 22 км явган хүн, дугуйн зам, иргэдийн амрах тухлах сүүдрэвч бүхий орчиныг бий болгоно. Үүнийг төсвөөс зардал хөрөнгө гаргахгүйгээр шйидвэрлэхээр болж ажлыг нь эхлүүлсэн нь олны талархалыг хүлээгээд байна.

Хоггүй хотын төлөөх ажлыг эрчимжүүлэх нь чухал юм. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүхэн ойролцоох 50 метр газраа цэвэрлэж тохижуулдаг болчихвол Хот өөрөө цэмцийгээд л ирнэ. Энэ асуудлыг хэрэгжүүлэхээр болж байгаа нь сайшаалтай.

Нийслэлийн иргэд та бид эдгээр асуудлыг дэмжиж, амьдрах орчиноо сайжруулахын тулд дор бүрнээ хотын соёлд суралцан, хогоо зөвхөн хогийн саванд хаяж хэвших зэргийг дадал зуршил болгох хэрэгтэй байгаа юм.

Амжилттай ажил бүхэн зөв ТӨЛӨВЛӨЛТӨӨС эхтэй. Бодлого төлөвлөлт, зохион  байгуулалтгүй ажил хэзээ ч эерэг үр дүн дагуулахгүй. Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан Нийслэл хотын түгжрэлийн эх үндэс болсон нарийн авто зам, замаа дагуулж барьсан барилгууд, гэр хорооллын эмх замбараагүй, ойлгомжгүй байршилтай гудамжууд үнэндээ  өнөөдрийг хүртэл бидний хот төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж чадаагүйн бодит үр дүн гэж хэлж болно. Хүн хүч, нөөц боломж, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зөв төлөвлөх нь  хөгжлийн үндэс.  Тиймээс бид төлөвлөлтийг чухалчилж үзэх шаардлагатай.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулах, дүүргүүдийг бүсчлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэл, судалгаа тооцоонд тулгуурлан аливааг зөв оновчтой төлөвлөх ажлууд энд хамаарна.

Ямартай ч  иргэд та бид нийслэл хотоо хөгжүүлэхийн тулд, цэвэр цэмцгэр хотод ажиллаж амьдрахын тулд, ХОТ-ын удирдлагуудтайгаа  гар нийлэн,  хүчээ нэгтгэж ажиллах цаг болжээ.

Ugluu.mn

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. aal says

    сонирхолтой

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.