Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.


Төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс, жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үе үеийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс Үндсэн хуульдаа зохих нэмэлт, тодотгол хийх санал санаачилга гарч байлаа.
Энэ бүхний эцэст 2016-2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд судлан Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гарсан гэдгийг тэмдэглэв.
Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж Зөвлөлдөх санал асуулга болон олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэд олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг хүлээн авч бүртгэн, ангилж, нэгтгэн судалж, төсөлд тусгасан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримталсан хэмээн Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ онцлов.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч очих нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна. Мөн ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлнэ. Түүнчлэн хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.

 

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …