Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулж олгоно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2019.06.06/ -ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар  мэдээлэл хийлээ.


Тэрбээр, “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд бизнес эрхлээд явахад нь тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн зүгээс дэмжих дэмжлэгийг тодорхой болгоход чиглэж байгаа.

Бизнесийг дэмжих төрийн зохицуулалтын хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдлээ.

Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг хуульчилсан. Ингэснээр институцийн тогтвортой байдлыг хангаж өгсөн гэж үзэж байна.

Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэх, ил тод, нээлттэй байдал сайжирч байна.

Өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулалт хийсэн.  Тухайлбал, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөг болж нэмэгдэх, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд арилжааны зээлийн хүүгийн 5 хүртэл хувь хэмжээнд төрөөс татаас авах боломж нээгдэж байгаа  ” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.