Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд өмчилж болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар 1,542 айлын түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөгжлийн банкны зээлээр нийслэлд буюу Буянт-Ухаа 2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж дуусгаж байна.Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар түрээслэх шийдвэр Засгийн газраас гаргалаа. Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Иймд “Буянт-Ухаа 2” хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийднэ гэсэн үг. Түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гарсан” гэж мэдэгдлээ.


Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Барилгыг улсын комисс хүлээж авсан уу?

-Улсын комиссыг байгуулж байгаа. Барилга нь ерөнхийдөө ашиглалтад орсон. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 75 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. Нэг метр кв нь 1 сая 460 мянган төгрөг.

-Түрээсний үнэ ямар байх вэ?

-Баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.