Д.Тогтохсүрэн: Чадвартай хүнийг парламентын гишүүнээр сонгодог тогтолцоо байх л гэж бодож байна

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх Ажлын хэсэг өнгөрсөн даваа гарагт ажлаа тайлагнасан юм. Энэ үеэр Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой байх хувилбарыг танилцуулсан юм. Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Бидний олон жил ярьсан хоёрхон зүйл л байгаа юм. Нэгдүгээрт, жижиг тойрогт нөлөөлөл их орж байна. Мөнгөний нөлөөллөөс эхлүүлээд л янз бүрийн нөлөөлөл орж байна. Хоёрдугаарт, жижиг тойрогт мөнгөнөөс гадна өөр нөлөөлөл орох эрсдэлтэй байдаг. Тиймээс бид ард түмэн хамгийн сайн гэж үзэж байгаа хүнээ сонгох боломж, бололцоог олгох нь зүйтэй. Энэ ч утгаараа бүхэлдээ нэг тойрог байх тогтолцоог авах нь зүйтэй гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг өргөн барьж байсан ч тухайн үеийн парламент хэлэлцээд нөхцөл нь бүрдээгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед санал тоолоход техникийн нөхцөл нь хүнд гэж үзсэн байдаг. Одоо бол авах нөхцөл нь бүрдсэн байж магадгүй гэж үзсэн болохоор МАН оруулж ирж байгаа юм. Мэдээж сөрөг тал ч байна, эерэг тал ч байна. Одоо Засгийн газраас санал авна. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн баригдах байх гэж бодож байна. Одоохондоо өргөн баригдаагүй байна шүү дээ.

Өргөн баригдсаных нь дараа чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчих байх гэж бодож байна. Тэгээд намрын чуулганаар эцэслэн шийдэх байх. Тиймээс хугацаа хангалттай гэж үзэж байна. Бүх тогтолцоо өөрөө эерэг, сөрөг талтай. Ямартай ч өргөн барих нь зүйтэй. Мөнгөнөөс хамаараад байдаггүй, чадвартай чадалтай хүнийг парламентын гишүүнээр сонгодог тогтолцоо байх л гэж бодож байна”  гэсэн тайлбарыг өглөө.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …