Г.Ундрам: “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуны тасалбар худалдан авсан хүн бүрт зэсэн бугуйвч бэлэглэнэ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хувцасны “Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндээс санаачлан Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд буюу Пүрэв гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т зохион байгуулах гэж байна. Уг шоуны талаар “Mongoloo Kids” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа.


-“Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг зохион байгуулах санаа хэрхэн төрсөн бэ. Шоуны бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай брэндийн зүгээс Монгол улсдаа анх удаа албан ёсны хүүхдийн загварын шоуг зохион байгуулах гэж байгаадаа маш их баяртай байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгөөр бяцхан үрсдээ таниулж түгээх анхны загварын шоуг амжилттай хүргэхийн тулд бид хичээн шаргуу ажиллаж байна даа. Энэ удаагийн загварын шоуг амжилттай зохион байгуулснаар цаашид жил бүр Монголын хүүхдийн загварын салбарт томоохон,чансаа өндөртэй загварын шоуг зохион байгуулагдах эхлэлийг тавьж байгаа юм. Жил бүр уламжлал болгон зохиогдох энэхүү арга хэмжээ нь Монгол улсад болон олон улсын хүүхдийн загварын долоон хоногт оролцох гэх мэт олон ажлын эхлэл болон гэдэгт итгэл төгс байна.

Шоунд “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авьяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтсан байгаа.

-Аливаа шоу, уралдаан тэмцээнийг зохион байгуулахад дэмжигч байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн шоунд нийт хэчнээн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцож байна вэ?

Falmingo center, Сreative bamboo, Шагайчин Брэнд, Сlown bro llc, Khuree entertainment, Хас гоёл, Бяцхан мисс төв, Zaisan Star shopping center, Mongal film зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тухайлбал,шоуны үеэр Falmingo center-ийн хамт олон шоунд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад маникюрын үйлчилгээ үзүүлнэ. Мөн Сreative bamboo тѳвийн урлан маань хүүхдүүддээ зориулан Slime болон модоор бүтээл хийхийг заана. Шагайчин брэнд Монголдоо үйлдвэрлэсэн шагайгаар хүүхдүүдэд хэрхэн тоглох ач холбогдлыг заах юм. Бас шоунд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Сlown bro llc-ийн хамт олон хүүхдүүдэд зориулан амттанаар үйлчилж, гайхалтай бүтээлүүдээ танилцуулахаар төлөвлөсөн.

-Энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т зохион байгуулах “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоу нийт хэдэн цаг үргэлжлэх вэ? Тасалбар хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-“Mongoloo Kids” хүүхдийн загварын шоу нийт дөрвөн цаг гаруй үргэлжилнэ. Тасалбарын үнэ 125,000 төгрөгөөр худалдаалж байна. Нэг тасалбараар 1 том хүн, 1 хүүхэд нэвтрэх эрхтэй. Тасалбар худалдан авсан хүүхэд бүрт хамтран ажиллаж буй байгууллагуудын бэлэг болон зэсэн бугуйвч дагалдана ирнэ. Хүүхдийн загварын шоуны тасалбар Зайсан стар дэлгүүрийн 3 давхарт борлуулж байна. Мөн тасалбарыг худалдан авах хүсэлтэй эцэг, эхчүүд 95014445 94740533 дугаарт холбогдон захиалах боломжтой.

-“Mongoloo Kids” хүүхдийн хувцасны брэнд үүсгэн байгуулагдаад хэдэн жил болж байна вэ? Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Г.Ундрам гэдэг. Сити Их сургуулийн Хувцас дизайны ангийг 2011 онд төгссөн. “Mongoloo Kids” хүүхдийн хувцасны брэндээ анх 2016 онд байгуулсан. Мөн нэрийн дэлгүүрээ анх 2016 оны зургадугаар сард нээж байсан. Бэлэн хувцас зарна дээр нь захиалга бас авдаг болохоор хүмүүс их дуртай байдаг. Хүүхдийн хувцас гутлаар дагнасан гэдэг утгаар нь хүмүүс нэг дороос олон зүйлийг авах боломжтой. Сонголт сайтай гээд үйлчлүүлэгчид ам сайтай байгаа. Манай байгууллага 2018 онд Монгол туургатны дунд зохион байгуулагдсан үндэсний хүүхдийн загварын “Өхөөрдөм Гоёо”наадамд оролцон Гранпри шагнал хүртсэн.

-“Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндийн онцлог юу вэ?
Манай байгууллага нь Монголдоо 2016 оноос хойш одоог хүртэл хүүхэд багачуудад зориулсан Монгол хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан урлаж, хүүхдийн биед эвтэйхэн, чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Мөн “Монголоо” брэнд нь дахин давтагдашгүй, цор ганц бүтээгдэхүүнийг захиалагчиддаа хүргэж чанарын өндөр түвшинд урладаг бөгөөд бүтээгдэхүүний маань давуу тал үүнд оршиж байгаа төдийгүй бусад брэндүүдээс ялгарах гол онцлогтой. Зөвхөн захиалгаас гадна монгол хүүхдүүдийн амьдралын хэв маягт зориулан бүтээгдэхүүнүүддээ загвар болон материалын өвөрмөц шийдлийг шингээн урладаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.