Х.Мандахбаяр: Хүн бүр хамгийн сайн хийж чаддаг ажлаа хамгийн сайн хийе

Ёс зүйтэй эрүүл сэтгүүл зүйг хүсэмжилж буй энэ цаг үед сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж буй хүнээс ямар ч ёс зүй үнэртэхгүй байгаа нь харамсалтай. Өчигдөрхөн сайхан/тэр нь шал худлаа байж/ зүйлийн тухай ярьж байсан салбарын Ерөнхийлөгчөө өнөөдөр араатан шиг авиртай, эрх мэдлийн хэнээ туссан, түүнийхээ төлөө хэнийг ч ашиглаад хаяж чадах нэгэн гэдгийг мэдээд салбарын бид чинь шоконд орчихоод л сууж байна. /Х.Мандахбаярын утасны яриаг энд дарж сонсоорой/

“Сэтгүүлчид худалдагдчихсан” гэж нийтээрээ шүүмжилж байгаа энэ үед салбарыг тэргүүлэгчийнх нь амнаас гарч буй үгс олон нийтийн таамаглалыг батална уу гэхээс саармагжуулахгүй нь ойлгомжтой. Тиймээс салбараа гутаан доромжилсон эрхэм Ерөнхийлөгчийн үйлдлийг яаж ч зөвтгөх гээд учраа олохгүй л байна. Гэхдээ зөвтгөгчид байна аа. Хэн нэгэн улс төр, аж ахуйн нэгж рүү бухаж орхиод л ёс зүйгүй үйлдлийг нь зөвтгөх гээд улайрч байна. Уг нь алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг нийгэмд шударга ёс оршин тогтнодог.

Гэтэл алдаа гаргасан нэгнийг баатар болгож хөөргөдөг “тал зассан” нийгэмд бид шударга ёсоо эрэн хайсаар байна.

Сэтгүүлчдийн байгууллагыг намын болоод бизнесийн байгууллагаас ангид байлгах ёстой гэж нийтээрээ санал дэвшүүлж байсан. Энэ бол шударга ёсны эрэлхийлэл юм. Гэвч эсрэгээрээ намын статустай, бизнесийн байгууллагатай, ашиг сонирхлын томоохон зөрчилтэй нэгнийг салбараа удирдуулахаар сонгосон бид одоо амаа барихад хүрлээ. Төрийн байгууллагад бол ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд албан тушаалд томилохоос татгалзаж, нэрийг нь эргүүлэн татах асуудал үүсдэг. Харин Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь төрийн бус байгууллага учраас намын татаасаар ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр сонгогдсон гэхээсээ томилогдсон хэрэг.

Үүнээс болоод одоо лайг нь салбараараа үүрч, “худалдагдсан сэтгүүлчид”, “шантаажчин даргатай” болчихоод сууж байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг өмнө нь ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байсныг мэдэхгүй юм. Тиймээс манай салбарынхан одоогийн Ерөнхийлөгчдөө ямар арга хэмжээ авах вэ гэж бодлогоширч байна. Энэ хооронд эрхэм Ерөнхийлөгч хувийн бизнесээ хувьсгалын нүүрээр өргөжүүлж байна. Харин түүнийг таних хүмүүс “угаасаа л ийм хүн шүү дээ” гэх аж. Даанч манай дарга үүнийг ойлгож, буруугаа ухамсарлаж байгаа шинж алга. Харин ч сурсан зангаараа өөрийгөө өмгөөлж, өнөөх л шантаажаа өмчилсөн хэвлэлээрээ үргэлжлүүлэн цацсаар байна. Энэ хүн ер нь анхнаасаа л өөрийн хувийн бизнесийг бэхжүүлэх, хөрөнгөжүүлэх зорилготой байжээ гэж түүний хийж буй үйлдлүүдээс харж, хардахад хүргэлээ.

Тэрээр “Зиндаа” нэртэй шар сонинтой байсан. Шар сонинууд юу эсийг бичиж, гүтгэдэг байлаа. Тэр үеийн манлайлагчдын нэг шүү дээ. Гэвч олон нийт ийм сэтгүүл зүйг хүсээгүй учраас шар сонинууд автомашины сугалаа зарлаад ч чадалгүй зах зээлээс арчигдсан байдаг. Үүний дараа сайтуудын эрин үе ирсэн. Бас л шар сонины хэлбэрээр хүссэнээ бичиж, хаалтын гэрээ хийж, захиалгатайгаар хүн гүтгэж, доромжилдог байлаа. Манлайлагч нь манай дарга л байв. Олон нийт үүнээс үнэхээр залхчихсан учраас шантаажчин сайтууд одоо бөөн бөөнөөрөө зах зээлээс арчигдаж байна.

Тэгвэл манай дарга өдгөө өдөр тутмын сонин, сайт, өргөн сувгийн телевизийн эзэн болчихлоо.

Ингэснээр тэрээр хэнд ч дийлдэхгүй хэмжээнд өөрийгөө тоож яваа биз. Хүн дарамталж буй ярианы бичлэгээс түүнийг хэрхэн аархаж, догширч байгааг дахин анзаарна биз. Мөн баримттай, шуурхай мэдээллийг олон нийтэд түгээдэг байсан ТВ-8 телевизийн мэдээллийн хөтөлбөр өнөөдөр ямар “заваан” шантаажийн хэлбэрт шилжчихээд байгааг үзэгчид нь харж байгаа байх. Энэ чинь манай даргын “бохирдуулсан” сэтгүүл зүйн дараагийн эрин үе шүү дээ.

“Хүн бүр хамгийн сайн хийж чаддаг ажлаа хамгийн сайн хийе” гэж тэрээр нэг нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан. Тэгвэл түүний хамгийн сайн хийж чадах ажил нь энэ ажгуу.

Эх сурвалж: undesten.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.