АТГ: ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтныг авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа

АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.5.24/ хийлээ.  Тус газар найман хүнийг яллагдагчаар татахаар хэргийг нь Прокурорт шилжүүлсэн бол 37 хэргийг хаах саналтайгаар Прокурорт, мөн зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнд Төрийн банкинд ажиллаж байсан албан тушаалтан нь  4.7 тэрбумын зээл гаргасныхаа төлөө хахууль авсан хэрэг багтжээ. Мөн өнгөрсөн сард 33400 албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулсан. Энэ нь иргэд ХОМ-ийг хянах, шүгэл үлээх бололцоог олгож байгаа. Иргэдээс энэ чиглэлийн гомдол мэдээлэл ирүүлбэл хүлээж авахад бүрэн нээлттэй.

ХОМ-ийг үнэн зөв мэдүүлээгүй таван албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Албан тушаалтнууд нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлээгүй нь тогтоогдсон тул албан тушаалаас нь чөлөөлөх, цалинг нь бууруулах зэрэг арга хэмжээг авчээ.  Үүнд:

  • МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
  • Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар юм байна.

 10 сая  ам.доллартой  холбоотой асуудлаар манайд өргөдөл гомдол  ирээгүй байна

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төрийн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон энэ талаар тодруулна уу?

-Манайд энэ талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй.

-Худалдааны хөгжлийн банктай холбоотой шалгалтын ажиллагаа ямар төвшинд байгаа вэ.Худалдаа хөгжлийн банкны туузын дарга Эрдэнэбилэг, Орхон болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хил давсан гэсэн асуудал яригдаад байгаа. Эдгээр хүмүүс хилийн хориг байсан юм уу?

– Худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга нар авлигын асуудлаар шалгагдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн, төрийн өндөр албан тушаалтан холбогдож байгаа эрүүгийн хэргүүд хууль заасны дагуу прокурорын хяналтад дор шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын ажиллагаа , шүүхийн шат гэж явдаг. Манай шалгагдаж байгаа хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа байна.

-МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэргийн хөөн хэлэлцэн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хандлагатай байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу?

-МХЕГ-ын байцаагч нар гэж байгаа боловч хэлтсийн дарга, зарим албан тушаалтантай холбоотой хэрэг юм. Энэ нь шүүхээр шийдэгдсэн. Хэрэг гарах болсон нөхцөл байдлыг судлахад тухайн үйл ажиллагааг нарийн тодорхойлсон журам байгаагүй буюу албан тушаалтнууд үзэмжээр ажиллах боломжийг бүрдүүлчихсэн байсан. Тиймээс бид зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагааг ил, тод нээлттэйгээр, холбогдох журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.

-ЖДҮХС-гийн шинэчилсэн журмыг баталлаа. Энэ журам нь танай байгууллагаас тавьсан шаардлагад хэр нийцэж байна вэ?

-100 хувь нийцэх боломж байхгүй. Гэхдээ нэлээд ахиц гарсан.

-Хүүхдийн шударга байдлын анхны үнэлгээ нь хэд байсан бэ?

-Үнэлгээ анх 2010 онд хийгдэхэд 3.29 пункттэй байсан. 2014 оныг хүртэл үзүүлэлт өсөж 4 гэсэн пункттэй болсон. Харин үүнээс хойш буурсаар 3.91 болсон. Энэ жил 21 аймаг, есөн дүүргийн 6,576 хүүхдийг хамруулсан.

-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхсөн хэрэГ  байгаа юу?

-Манайд шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, эсвэл дөхөж буй хэрэг байхгүй.

Тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахын бол мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй болно шүү дээ.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудлын шалгалтын ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа вэ. Нэмж яллагдагчаар  хэдэн хүнийг татсан вэ?

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд прокурорын хяналтад шалгагдаж байна. Прокуророос эрчимжүүлэх даалгавар ирсэн. Мөн манай газрын дарга ч гэсэн Мөрдөн шалгах албанд эрчимжүүлсэн байдлаар ажиллах чиглэл өгсөн.

-Мобикомын удирдлагууд шалгагдаж байгаа юу?

-Прокурорын байгууллагаас тодруулна уу.

-Эрүүл мэндийн яамны хоёр ажилтанг шалгаж байгаа гэсэн. Энэ хүнийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-Эрүүл мэндийн яамны нэр бүхий албан тушаалтнууд эм хангамжийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хууль бусаар аж ахуйн нэгжид олгохдоо авлига авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Н.Алт

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …