Д.Бямбасүрэн: Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй

Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.  

-Ам.долларын ханш 2,600 орчим төгрөгтэй тэнцэж, харьцангуй тогтвортой байна. Ханшийг тогтворжуулахад төр засгийн бодлого хэрхэн уялдах талаар таны бодлыг сонсоё? 

– Ханш 2,500 дээр тогтох болов уу гэсэн алдчихлаа л даа. Аягүй бол 3,000 хүртлээ өсөх л юм шиг байна. Монголбанкны хувьд байнга интервэнц хийгээд, аргацаахад хэцүү л дээ. Уг нь анх 2013 онд л 1,500 хүрэхэд нь тогтоож болох байсан юм. Н.Золжаргал, Н.Алтанхуяг хоёр ханшаа алдсанаар Монголын эдийн засагт үнэхээр том дарамт бий болгосон.

Ер нь бол Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй. Их хурал нэг өөр, Засгийн газар нэг өөр, Монголбанк бас нэг өөр бодлоготой. Сонгууль дөхөөд ирэхээр Засгийн газар баахан мөнгө тараагаад хаяна. Дараагийн Засгийн газар нь мөнгөний ханшийн уналттайгаа золгоно. Одоо жишээ нь “Итгэлийн зээл” өгье гээд яриад байна. Баахан мөнгө тараачихаад, сонгуулийн дараа дахиад л инфляци үүснэ. Тэгэхээр Монголд мөнгөний нэгдсэн бодлого байхгүй. Их хурал дээр мөнгөний бодлого ярьж байгааг харахад ер нь ямар мэргэжил, мэдлэг боловсролтой хүмүүс цуглачихаад, юу ярьж байгаагаа мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Инфляцийг тогтвортой байлгая гэвэл төрийн нэгдсэн бодлого л хэрэгтэй. Манайд тэр нь байхгүй.

-Ханшийг тогтворжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны зүгээс алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулдаг. Гэвч алтны роялти нэмэгдсэн зэрэг хууль эрх зүйн тогтворгүй байдал алт худалдан авалтыг бас л сааруулж байх шиг байна. Алт тушаалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн ямар хөшүүрэг байж болох вэ?

-Монголд алт олборлож болно оо. Хэрэв хүсвэл нинжа маягаар, эсвэл аж ахуйн нэгж болоод ч алт ухаж болно. Гагцхүү хашаанаас гарахдаа бүх алтаа Монголбанкиндаа тушаах хэрэгтэй.  Алтаа тушаагаад мөнгөө ав. Битгий халаасандаа хийж, гадагшаа гараарай л гэж байгаа юм. Төр хяналт тогтоогоод бүх алтаа өөр дээрээ авч чадвал Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд маш том дэмжлэг болно. Үүн дээр зарим талаараа захиргаадалтын арга хэмжээ авсан ч болно шүү дээ.

Аж ахуйн нэгжүүдийг алт ухахыг нь хориглохгүй. Алтаа ух, тэгээд тушаа л гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр алтныхан роялтиг 2.5 хувь болгосонгүй гээд, алтаа тушаахгүй байна гээд л гомдол гаргах юм. Наад зах нь Оюутолгойнхон он гарснаас хойш 120 мянган унци алт гаргасан гээд тайлагнасан байна лээ. Жилдээ 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргадаг. Тэр бүгдийгээ Монголбанкинд тушаахгүй байгаа шүү дээ.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, бонд гаргах зэрэг асуудал бас яригддаг. Гэвч үргэлж зээл аваад байж болохгүй байх? 

Гаднаас бонд гаргаад, зээл авчихаад, түүнийгээ валютын нөөцтэй болсон гэж олон түмэнд ухуулах нь маш буруу. Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч болмогцоо валютын нөөц -1.3 тэрбум ам.доллар байна гээд мэдэгдсэн. Ардчилсан нам, Ардын намынхан гээд олон хүн дургүйцсэн дээ.  Үнэнийг л хэлсэн шүү дээ. Хүнээс зээл авчихсан, зээлээ төлөх гэж байгаа хүн чинь валютын нөөцтэй гэж хэлээд байж болохгүй биз дээ.

Эх сурвалж: Монголбанк

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Хүрэлхүү says

    Энэ бууралын үгийг төрийн томчууд нь авдаг бол их юм хэлж өгнө дөө

  2. зочин says

    Д.Бямбасүрэн: Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй- Та өөрөө ийм болох үндэсийг тавьсан хүн шүү дээ. Та үндсэн хуулийг өөрчилсөн. Үүнийхээ төлөө Та анхны 76,0 сая төгрөгний хахууль авсан хүн мөн. Таньд ардын жүжигчин цол өгөх хэрэгтэй. Ниргэсэн хойно нь хашгирав гэж монголчууд ярьдаг.

  3. Anonymous says

    argagui shuudee Bilegt metiin erguu shar hadnii gishuud olonh bolson bolohoor daana ch oi gutmaar!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.