30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр /2019.5.21/ мэдээлэл хийлээ.

Нийслэлд 600 гаруй төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангахгүй байна.

Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь цэцэрлэгийн байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Шаардлага хангахгүй байгаа 30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ.

Төрийн өмчийн 105 цэцэрлэгийг шалгахад 15 хувь нь барилга байгууллага хуучирч, сантехник шугам хоолой элэгдэлд орсон ч засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн байгааг НМХГ-ын байцаагчид хэллээ.  Мөн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин хүүхэд хүлээн авч анги бүлгийн нягтрал ихэссэн байна. Улмаар ариун цэвэр, эрүүл ахуйн норм 1.5-2 дахин их байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлж байна гэж үзсэн байна. Улсын цэцэрлэгийн ачаалал 40-60 орчим их байгаа аж.


Санал болгох мэдээ

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн …